Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна

Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.06.06/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. Гепатитын D вирусийн халдвар В вирусийн халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд гепатитын В вирусийн халдвартай хүмүүсийн таван хувь орчимд нь гепатитын D вирусийн халдвар хавсарсан байдаг бол Монгол Улсад 36.5 хувь буюу 70 гаруй мянган хүн байдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.

Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмүүдийн нэг бол элэгний эсэд D вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй “Булевиртид” эм юм. Одоогоор энэ эмийг Европын Холбооны улсад болон Оросын Холбооны Улсад эмчилгээнд ашиглаж байна.

Мөн "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2327 шинэ хоршоо байгуулагдаж, 175 хоршоо ээл авсан байна. Мөн 78 хоршоонд 216 га газар олгож, 425 өрх малжуулах хөтөлбөрт хамрагдсан байна. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, орон нутагт ажиллах, малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Метро төсөл болон Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх 15.8 км нүхэн гарц /туннел/ бүхий авто зам, 900 м ган татлага бүхий гүүрэн байгууламж, 10,8 км авто зам, замын байгууламж, Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд төрийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор байр барих, Богдхан уулыг тойрсон хөнгөн галт тэрэгний шугам барьж байгуулах ажилд Засгийн газрын үүргийн баталгаа гаргах санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан нарт  даалгав.