ШУУРХАЙ: Шүүх Н.Номтойбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тэрбээр сонгуульд нэр дэвших боломжтой боллоо

ШУУРХАЙ: Шүүх Н.Номтойбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тэрбээр сонгуульд нэр дэвших боломжтой боллоо

Сонгуулийн ерөнхий хорооноос “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд тэрбээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан билээ.

Тэгвэл Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх уг гомдлыг өнөөдөр хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл Сонгуулийн ерөнхий хорооноос “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн хэмээн үзлээ. Тэгэхээр Н.Номтойбаяр нь шүүхийн шийдвэрийн дагуу СЕХ-нд бүртгүүлэх хүсэлтээ дахин өгөх боломжтой болж байгаа юм. Эргэн сануулахад уг хэргийн талаар хуульч О.Батхүү “Энэ бол илт хууль зөрчсөн шийдвэр. Тиймээс энэ шийдвэрийг хүчингүй болгох, нэрийг нь жагсаалтад оруулах талаарх шаардлагыг Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүлээлгэн өгөөд байна. ЦЕГ-ын албан бичгийг Сонгуулийн Ерөнхий хороо буруу ойлгож, буруу тайлбарласан. Учир нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт авлига, албан тушаалын хэргийг зохицуулсан. Н.Номтойбаярын хувьд Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлэгт заасан хэрэгт буруутгагдсан. Авлига албан тушаалын хэрэг гэдэг нэгдүгээрт, хүний идэвхтэй үйл ажиллагаа шаарддаг. шунахайн сэдэлтэй, өөртөө болон бусдад давуу тал олгох шинж чанарыг агуулсан байх ёстой. Н.Номтойбаярын буруутгагдсан 23 дугаар бүлэгт албан тушаалд хайнга хандсан талаар тусгагдсан байдаг. Албан тушаалд хайнга хандах гэмт хэрэг нь идэвхтэй үйл ажиллагаа заавал шаарддаггүй.

Өөрөөр хэлбэл, дор ажилладаг хүмүүс алдаа дутагдал гаргасан учраас түүнийх нь даргад хариуцлага хүлээлгэж байгаа юм. Таны хүүхэд гадаа гүйж яваад машины цонх хагалчихлаа гэж бодьё. Тэгвэл та эцэг, эхийн хувьд хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх ёстой болж байгаа юм. Түүнтэй адил Н.Номтойбаярын хувьд өөрийнх нь дор ажилладаг хүмүүс алдаа дутагдал гаргасан, түүнийг нь хянаагүй, шалгаагүй гэдгээр буруутгаж ял олгосон. Хуульд илтэд ойлгомжтой тайлбарласан зүйлийг Сонгуулийн Ерөнхий хороо буруугаар тайлбарлаж, хүний сонгогдох эрхэд халдаж байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх бүх ард түмний гарт байна гэж заасан байдаг. Ард түмэн энэ эрхээ сонгуульд оролцох, сонгогдох замаар эдэлдэг. Энэ зөвхөн Н.Номтойбаярын сонгогдох эрх зөрчигдөөд зогсохгүй Монгол Улсын иргэдийн сонгох эрх хөндөгдөж байна. Сонгуульд хэн өрсөлдөх, өрсөлдөхгүй, хэн сонгогдох, сонгогдохгүй байхыг иргэд өөрсдөө шийдэх эрхтэй. Гэтэл өнөөдөр төрийн байгууллага шийдэж байна. Энэ нь миний сонгох эрхэнд халдаж байна. Шүүх хуулиа барьж шийднэ гэж бодож байна. Энэ бол илт ойлгомжтой маргаан. Би хуульчийнхаа хувьд тун цөөхөн ийм илт ойлгомжтой маргаан дээр оролцож байсан. Сонгуулийн тухай хуульд 22 дугаар зүйлд заасан бол дэвшүүлэхгүй. Гэтэл хүн 23 дугаар зүйлд зааснаар ял авсан байхад үүнийг хамаатуулж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл. Захиргааны хэргийн шүүх түргэвчилсэн байдлаар энэ маргааныг шийдэх ёстой. Хуулинд 30 хоног гэж заасан ч заавал тийм хугацаанд хүлээх шаардлага байхгүй. Сонгууль болохоос өмнө энэ маргааныг шийдэж нэг талд нь гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээж байсан юм.