УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг өргөн мэдүүлж, УИХ-ын 48 гишүүн дэмжиж баталлаа.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр /2024.06.05/ төрийн ордонд мэдээлэл хийв. Тэрбээр, “2022 онд улсын баяр наадамд жороо морь уралдуулж болно гэж заасан. Энэ заалтыг үндэсэлж, жороо морио уралдуулж айрагдуулсан уяачдад улс, аймаг, сумын цол чимэг олгох хуулийг өнөөдөр баталлаа. Жороо морь гэдэг бол цэвэр монголоороо байгаа адууны соёлыг тээгч зүйл. Энэхүү хууль батлагдсанаар энэ жилийн баяр наадмаас эхлэн улс, аймаг, сумын наадамд жороо морь нь айрагдсан уяачдад улсын цол чимэг олгодог болно. Үүгээр дамжуулан монгол морио уралддаг уяачдыг дэмжих хууль, эрх зүйн асуудлыг баталсан гэж ойлгож болно. Энэхүү хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Цөөнхийн гишүүдээс өргөн барьсан хууль батлагдах нь амар асуудал биш. Улс орны хэмжээнд шийдэх ёстой, олонхийн асуудлыг авч үзсэн байвал л олонхийн санал авдаг" гэв.