УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирж, өнгөрсөн дөрвөн жилд хэн, юу хийснийг ард түмэн дүгнэх цаг хаяанд ирлээ. УИХ-ын гишүүдийн гол үүрэг бол хууль баталж, ард түмнийг төрд төлөөлөх үүргээ биелүүлэх юм. Энэ үүргээ чамгүй сайн биелүүлсэн УИХ-ын гишүүдийн нэг бол Ч.Ундрам юм. Түүний хувьд Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж, өнгөрсөн дөрвөн жил 23 хуулийн төсөл санаачилснаас 18-ыг нь батлуулжээ. Иймд "ШУГАМ” нэвтрүүлгийнхээ 27 дахь дугаарт түүнийг урьж ярилцлаа.
ВИДЕО:
-УИХ-ын гишүүд бол улс орны бодлогыг гаргаж, ард түмнийг төрд төлөөлөх гол үүрэгтэй. Харин таныг энэ үүргээ чамгүй сайн биелүүлээд байна гэж харж байгаа. АНУ-д органик хүнсний бүтээгдэхүүн дээр байдаг шошгыг хэн ч арын хаалгаар авах боломжгүй байдаг. Манай улс ер нь органик хүнсний хэрэглээтэй улс мөн үү?
-Баталгаажсан органик хүнс хэрэглэдэг орон биш. Юу идэж байгаа нь баталгаагүй гэсэн үг. Ер нь органик биш байх магадлал өндөр. Монголд идэж хэрэглэж буй махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо органик мөн үү гэдгийг баталгаажуулсан зүйл бараг байхгүй. Органик биш байх магадлал маш өндөр. Малын эм тариа, вакцин органик уу гэдэг нь асуудалтай. Зөгийн бал байлаа гэхэд л ойр орчмынх нь газар шороо хэр органик вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Хажуугаар нь автомашин өнгөрөхөд л хордчихдог шүү дээ. Мөн төмс хүнсний ногоонд хэрэглэж буй бардоноос хамааруулан ер нь органик биш бүтээгэдэхүүн хэрэглэдэг гэж хэлж болохоор байгаа юм.
-Одоо Ч.Ундрам гишүүний хэлж байгаа зүйлийг манай уншигчид маш сайн ойлгох хэрэгтэй. Бид таван хошуу малынхаа махыг идэхдээ дэлхий дээр байхгүй органик хүнс хэрэглэж байгаа л гээд байдаг. Гэхдээ энэ бол бодлогын хэмжээнд органик гэдгийг баталгаажуулж чадаагүй гэсэн үг. Үүнийг асууж байгаа шалтгаан нь 2023 оны гуравдугаар сард Органик хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг та өргөн барьсан. Энэ хуулийг өргөн барих ямар хэрэгцээ шаардлага байв?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 23 хуулийг санаачилж өргөн барьснаас 18-ыг нь батлуулчихсан. Энэ бол үндсэн бидний үүрэг шүү дээ. Засгаас өргөн барьсан болон бусад гишүүдтэй хамтран өргөн барьсан 43 хуулийн ажлын хэсэгт орж ажилласан байна.
Би чинь ер нь оюутан байхаасаа цаас нухаад сурчихсан учраас надад их дөхөм байдаг. Би ээж хүн учраас хүүхдүүдийнхээ идэж уух зүйлд маш их анхаарал хандуулдаг. Өмнө нь Монголдоо тариалдаг төмс хүнсний ногоог худалдааны цэгүүдээр яваад авчихдаг байсан чинь манай хүү хордоод нэлээд өвдсөн. Тэр нь төмс хүнсний ногоонд хэрэглэдэг бардотой холбоотой байсан учраас хүнсний бүтээгдэхүүнээ маш нарийн сонгож авдаг болсон. Яваандаа миний бие парламентийн гишүүн болоод хүнсний аюулгүй байдалд нэг алхам хийх ёстой юм байна гэж үзээд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газар, Швейцарийн хүнсний агентлагт хандаад органик бүтээгдэхүүнийг Монголд дэлгэрүүлж, хүмүүст ойлголт өгөх тал дээр анхаарч, бодлогын түвшинд ажиллах санал тавьсан. Тэр байгууллагууд ч надтай их дуртай хамтарч ажилласан. Монгол улсад мөн органик хүнсний ногоо тарьдаг хүмүүс гэж бий. Энэ хүмүүст хамгийн их тулгамдддаг асуудал бол нэгдүгээрт органик бүтээгдэхүүн тариалахад маш их зардал гардаг. Мөн машин техник хүрээгүй газар буюу их хол очиж тариалах шаардлагатай. Түүнчлэн савлагаа нь байгальд ээлтэй байх зэргээс хамааруулан өндөр өртөгтэй байдаг хэрнээ Улаанбаатарт авчраад зарахад ижилхэн үнэтэй байхгүй бол иргэд авдаггүй. Хоёрдугаарт, гадаад улс орнууд шиг органикчуудыг дэмжих төрийн бодлого байхгүй. “Алсын хараа 2050” хөтөлбөрт органик хүнсний хэрэглээг таван хувьд хүргэх зорилго бий. Өнөөдрийн байдлаар нэг хувьд ч хүрэхгүй байгаа. Европын холбоо тэр дундаа Герман улсын туршлагыг их судалж байж Органик бүтээгдэхүүний тухай хуулийг баталсан. Гэхдээ дундуур нь нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан шүү. Органик биш бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс нь органикчуудыг хүлээн зөвшөөрөхгүй нэлээн эсэргүүцдэг юм байна лээ.
-Органик хүнс үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ органик биш бүтээгдэхүүнтэй ижил үнээр худалдаалахад шударга бус. Иймд эдгээр үйлдвэрлэгчдийг дэмжих ямар заалтууд Органик хүнсний тухай хуульд тусгагдсан бэ?
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 100 хувь чөлөөлнө. Анх НӨАТ-аас татвараас чөлөөлөх тухай заалт оруулж өгсөн байсан ч тэр нь батлагдаж чадаагүй. Мөн уул уурхайн байгууллагууд нөхөн сэргээлт хийхдээ органик бардо хэрэглэх заалт оруулж өгсөн ч мөн л батлагдаж чадаагүй.
Гэхдээ органик хүнс үйлдвэрлэх нь үйлдвэрлэгчдийн сонголт байдаг. Органик хүнс үйлдвэрлээд эхлэвэл экспорт нэлээд ихэснэ. Ер нь Монголчуудыг гадаад оронд "органик" гэж боддог.
-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн талаар манай уншигчдад товчхон мэдээлэл өгөхгүй юу. Мөн их дээд сургуулиудаа хаана төгссөн бэ. Ер нь Ч.Ундрам гэж хэн бэ?
-Нийслэлийн 23 дугаар сургуульд наймдугаар ангиа төгсөөд АНУ-д 10 дугаар ангиа төгссөн. Улмаар Лондон хотод бизнесийн удирдлага чиглэлээр баклавраа хамгаалж, Японд 26 насандаа доктороо хамгаалсан.
-Одоогоос жилийн өмнө Боловсрорлын ерөнхий хуулийн 6.1-т Монгол хүүхдүүдийн үндсэн судлах гадаад хэл нь англи хэл байна гэдэг заалт орсон. Энэ хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан. Гэтэл байнгын хорооны хэлэлцүүлэгт Засгийн газрын зарим гишүүд хүртэл энэ заалтыг эсэргүүцээд унагах гээд эхэлсэн. Гэхдээ энэ заалт боловсруулагдсан. Энэ хуульд зайшгүй дээрх заалт орох ёстой гэсэн цөөхөн хэдэн гишүүдийн нэг бол та. Тухайн үеийн явдлыг сэргээгээд нэг харахад ер нь яагаад зарим гишүүд гэнэт тэр заалтыг яагаад эсэргүүцэх болсон юм бол?
-Хоёрдугаар хэлэлцүүлэгт хэр баргийн хуульд том өөрчлөлт ордоггүй. Гэтэл гэнэт надтай хамт энэ заалтыг дэмжээд явж байсан зарим гишүүд эсэргүүцээд эхэлсэн. Биднийг эсэргүүцэж буй шалтгаан нь Монгол хэлийг үгүй хийх гэлээ гэж байсан. Гэхдээ дэлхийн шинжлэх ухааны нээлтүүдийн бараг 95 хувь нь Англи хэл дээр хэвлэгддэг. Бид шинжлэх ухаанд суурилж хөгжье л гэвэл Англи хэлийг сурах ёстой. Энэ хуулийг ялангуяа олон улсад суралцаж, англи хэлний өгөөжийг мэдэрсэн гишүүд маш сайн дэмжсэн.