Г.Дамдинням: Би тууштай байж, амласан ажлынхаа эцсийг үздэг зарчмаасаа ухрахгүй

Г.Дамдинням: Би тууштай байж, амласан ажлынхаа эцсийг үздэг зарчмаасаа ухрахгүй

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар болон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлаа.

 - Олон жил сунжирч, гацаад байсан Дарханы замын ажлыг урагшлуулахад та  байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж, барьж авч гүйсээр ард нь гарч байх шиг байна. Гэхдээ зарим шүүмжлэгч нарын зүгээс Дамдинням очиж зам индүүдэж, шороо зөөсөн юм уу гэж сөргүүлдэг. Таныг Дарханы замыг дуусгуулна гэж хэлэх үед нөхцөл байдал яг ямар байсан юм бэ?

-Дарханчуудтай уулзаад явахад хамгийн эхэнд энэ замыг л ярьсан. Ер нь Дархан гэлтгүй улс орон даяар ярианы сэдэв болсон байсан. 2017 онд эхэлчихсэн. Гурван жил юу хийсэн нь мэдэгдэхгүй, таг гацчихсан. Замаа бүр хуулаад хаячихсан. Яаж төлөвлөөд тэгсэн юм, мэдэхгүй. Хариуцах эзэн байхгүй. Бүгд зугтаачихсан. Азийн хөгжлийн банкны 10 багц ажлаас ердөө 3-ынх нь ажил 60-70 хувь хүрсэн. Бусад нь замаа хуулаад хаяснаас өөр юу ч байхгүй. Ийм л байдалтай байсан.

Улстөрч хүний ажил бол болж бүтэхгүй байгаа зүйлийг нийтийн анхааралд авчрах. Түүнээс биш хүрз, жоотуу бариад гүйх биш. Ажил авсан, хариуцсан хүмүүсийг шахаж, шаардах ёстой. Төр засгийн зүгээс шаардлагатай зохицуулалтуудыг шийдэж өгөх хэрэгтэй. Энэ болгоныг хийгээд л явсан. Тухайн үе цар тахлын жил байлаа. Гадаадаас инженер, техникийн ажилчид нь орж ирж чадахаа байчихсан. Долларын ханшийн зөрүүнээс болоод компаниуд нь алдагдал хүлээж байна гээд таг зогсчихсон. Гүйцэтгэлээ хянуулж чаддаггүй. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт өгдөггүй. Гацчихсан. Шахаж, шаардаж, анхаарч байгаа хүн нэг ширхэг ч байхгүй байсан шүү дээ.

Тэгээд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулаад сонгогдсон гишүүдээс төлөөлөл оруулаад ажиллаж, нийтийн анхааралд авчирсан. Эцэстээ энэ зам дээр Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр очсон. Энэ ажлыг шуурхайлахгүй бол хууль хяналтын байгууллага руу явуулна шүү гэдэг асуудлыг хүртэл тавьсан. Ингэж байж энэ ажил гацаанаас гарч явж эхэлсэн. Даатгалын компаниудаас мэдээлэл авч статистик харсан. Дарханы замд машинаа эвдсэн, онхолдуулсан, өөрөө болон өрөөлийг бэртээсэн, амь насаараа хохирсон гээд нөхөн төлбөр авсан нэг жилийн статистик гэхэд 440 гаруй ослын бүртгэл байдаг. Бүртгүүлээгүй осол аваар хэд ч байсан юм мэдэхгүй. Дарханы зам үнэхээр ард түмний зовлон болоод байсан юм шүү.

-Дарханы зам бол олон нийтийн дунд, улс төрийн хүрээнд ч тэр нэлээн хэл ам дагуулсан. Та энэ ажлыг барьж авснаар намынхаа зарим нөхөдтэй ам мурийх, цаашлаад “би, чи”-дээ тулж зөрчил үүсэхийг ч үгүйсгэхээргүй нөхцөл байдал үүссэн. Ийм галтай зүйл рүү өөрөө ам гарч орох хүн тухайн үед ховор байлаа?

-Дарханы сонгогчдоос энэ замыг дуусгаад өгөөч ээ гэдэг хүсэлт маш их ирдэг байсан. Гишүүн болсноос хойш миний фэйж дээр хамгийн ирдэг асуудал нь Дарханы зам. Бичгээр ч гэсэн хэдэн мянган өргөдөл ирсэн. Ний нуугүй хэлэхэд, бид бие биедээ шаардлага тавьж чадахаа байчихсан цаг байсан. Нүдээ аниад, чихээ таглаад хүмүүс их тойрч өнгөрч байсан даа. Тэртээ тэргүй манай нам 2016-2020 онд засаг барьчихсан. Энэ маягаар найр тавиад, бие биеээ харзнаад, намын дотоод эв нэгдэл, журмын нөхөр яриад дуугүй суух хэмжээнээс хэтэрчихсэн байна гэж бодогдсон. Тийм учраас дайраад орсон. Шахалт дарамт ирж байсан нь үнэн. Тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсан, бас бус хүмүүсээс “За энэ арай хэтэрч байна шүү, улс төр чинь ихдээд байна шүү, болиорой. Намд харш зүйл болж байна шүү” гэдэг сануулга зөндөө л ирсэн. Гэхдээ энэ бол олон нийт надад захиж даалгасан ажил шүү дээ. Уучлаарай, нэгэнт би араас нь явсан. Буцах зам байхгүй гэж зүтгэсэн. Сүүлдээ намын удирдлагууд ч тэр бүгдээрээ “За чамд арга байхгүй юм байна” гээд орхисон.

-Ер нь тууштай байх, эхэлсэн зүйлийнхээ ард нь гаръя гэсэн бат суурьтай бодлыг өөртөө төлөвшүүлэхэд танд юу нөлөөлсөн бэ?

-Би “за” гээд хэлчихвэл биелүүлэх гээд нойр хүрдэггүй. Тууштай зүтгэнэ. Өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш шүү. Аав, ээжийн маань өгсөн хүмүүжил юм болов уу. Манай аав Увс аймгийн хүн. 2010 онд өөд болсон. Гүдэсхэн, шулуухан үгтэй. Зоримог эр хүн байсан. Аймгийн заан Гонгор гээд андахгүй дээ. Ээж маань Ховд аймгийн Булган сумын хүн. Асар хөдөлмөрч. Одоо 80 дөхөж явна. Гэрээ цэвэрлээд пижигнүүлээд л үзэж тарна.

Хүн ямар нэг ажил хөдөлмөр, албан тушаал хашиж байх үедээ байгаа цагтаа байсан шиг байчих хэрэгтэй гэж боддог. Би 2010-2012 онд  ШУТИС-ийн Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проекторын алба хашиж байсан. Энэ бол миний төрийн анхны гүйцэтгэх ажил. Тэр үед багш нарын нийгмийн асуудал шийдэгдээгүй, орон сууцгүй, аргацааж өнгөрөөсөн байдалтай байсан. Тухайн үед 27, 28 настай залуу ШУТИС-ийн 1500 гаруй багш, эрдэмтэн профессоруудад “Би та нарт байр барьж өгнө. Хамгийн хямдаар орон сууцтай болгоно” гэж хэлсэн. Надаас “Хэрхэн шийдэх вэ” гэж асуусан. Би ганц л зарчим хэлсэн. Энэ сургууль Монголын бүх инженерийг бэлтгэдэг. Гарын үсэг зурах, зөвшөөрөл өгөх бүх хүн энэ сургуулиас гаралтай. Багш нар нь орон сууцгүй, оюутны дотуур байранд чихцэлдээд сууж байхыг тэд хүсэхгүй байх.

Судалгаа хийж үзэхэд сургууль хоосон газартай. Мөн багагүй өмч хөрөнгөтэй сургууль байсан. Зүгээр менежментийн асуудал үлдчихсэн. Тухайн үед 550 орчим хүнд орон сууц авах хэрэгцээ байна гэсэн судалгааг надад өглөө. Би 350 гаруй багш, ажилтныг байртай болгоод гарч байлаа. Үлдсэн багш нарыг газартай болгосон. Би нэг юмны араас зорьчихвол буцдаггүй. Дарханы зам, Боловсролын багц хууль, англи хэл, авлига хороолол гээд бүх зүйл дээр тууштай явсаар дуусна. Эр хүн зорьсондоо байх ёстой. За бол ёогүй байх хэрэгтэй. Тэгж байж олны итгэлийг хураана. Үр дүнд хүрнэ.

АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛСОН АВЛИГЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ БОЛЖ СҮНДЭРЛЭЖ БАЙГАА ЭНЭ ХОРООЛОЛ НУРАХ ЁСТОЙ

-Нэгэнт “авлига хороолол” гэж хэлснийх ам асуучихъя. Дийлэхээсээ өнгөрч байгаа юм биш үү?

-Би дургүй юмаа шууд хэлдэг. Тас хийтэл хэлнэ. Байр сууриндаа тас зогсдог. Улаанбаатар хотын ард иргэд бүгд үзэн ядаж “авлига хороолол” гэж нэр өгчхөөд байхад авлига ийм бяртай байдаг юм гэдгийг харуулж, та нар юу юм бэ гэж доромжилж, авлигаас сүндэрлэсэн хөшөө босгож байгаа энэ асуудалтай би дуустал тэмцэнэ. Ард түмнийг доромжилсон авлигын гэрэлт хөшөө болж сүндэрлэж байгаа энэ хороолол нурах ёстой. Зөвшөөрлийг нь өгсөн, зориулалтыг нь өөрчилсөн, техникийн нөхцөлүүдийг нь баталсан бүх хүн хуулийн хариуцлага хүлээх болно. Дарханы зам ч ялгаагүй. Ард нь авлига байгаа. Албан тушаалтнууд хариуцлагаа хүлээнэ.

-Юм мартагдаагүй. Асуудал тэндээ үлдчихсэн гэж тайвширч болохгүй нь байна шүү?

-Уучлаарай, би салахгүй. Үүнийг буулгаж, хариуцлага тооцож чадахгүй юм бол бид шударга ёс, тэгш байдал, авлигын эсрэг тэмцэл гэж олон юм яриад яах вэ.

-Ярианыхаа сэдвийг багахан өөрчилье. Та Дарханд төрж, өссөн юм билээ. Дархан бол маш олон гуншинтай хот. Амар тайван, цэвэр цэмцгэр. Залуусын хот гэж ирээд магтацгаадаг. Та төрсөн нутгаараа өөрийгөө дөвийлгөж чимнэ биз?

-Намайг оюутан болох үе 1990-ээд оны сүүл шүү дээ. Дархан маань зах зээлийн нийгэмд шилжсэн хүндрэлийг давж чадалгүй, үйлдвэрүүд нь хаалгаа барьчихсан, нурчихсан. Хөрөнгө оруулалт гээд байх зүйлгүй, ер нь ёроолдоо хүрчихсэн үе байлаа. Самгондаа жаахан живэх маягтай. Яах вэ шилжилтийн үед бий болсон нийтлэг үзэгдэл л дээ. Гэхдээ манай Дарханы залуучууд их онц сурна. Цэвэрхэн, аятайхан залуучууд байлаа. Монголын сайхан бүсгүйд манай Дарханы охид олон түрүүлсэн шүү. Залуучууд нь цэмцгэр, дэгжин. Дарханчууд юманд дугаарладаг. Хүмүүсийг урдуураа оруулдаг. Нийтээрээ гараад хотоо цэвэрлэчихдэг. Ер нь хотын соёлд суралцсан хүмүүс байсан.

Одоо бол Дарханы амар тайван, стрессгүй гэх тодорхойлолт сүүлийн 10 гаруй жилийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон. Олон жилийн өмнө миний өгч байсан ярилцлага одоо ч бий. “Дарханыг амар тайван хот болгоно” гэж ярьсан. Би Канад улсын Ванкувер гэж хүн амьдрахад хамгийн таатай хотод найман жил амьдарсан. Тэнд нийтийн тээвэр асуудалгүй. Булан тохоо бүр нь гэрэл гэгээтэй. Хотын зам харилцаа маш сайн төлөвлөлттэй. Хамгийн гоё ногоон байгууламжтай. Мөн сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай. Эрүүл мэндийн үйлчилгээ сайн. Би энэ бүх нөхцөлийг Дарханд бүрдүүлэх хэрэгтэй гэж зорьсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтууд ийшээ чиглэсэн. Тэрний өмнөх хөрөнгө оруулалт газар руу, дэд бүтэц рүү нэлээн сайн хийгдчихсэн байсан. Сүүлийн гурван сонгууль дараалаад тогтвортой засаглал, хөрөнгө оруулалт хийгдсэний үр дүнд Дархан ийм болж байна. Олон хүний олон жилийн хамтын ажиллагаа.

-Дарханд дэд бүтцийн салбарт багагүй хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүний ачаар Дархан хот цэгцтэйгээр өргөжин тэлж, хөгжих боломж бүрджээ. Улсын чанартай хот болсноор иргэдийн цуваа нэмэгдэх байх. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?

-Дархан хөгжлийн өнгө төрхөө олчихсон. Дулааны эх үүсвэрийн 70, цэвэрлэх байгууламжийн 50 хувийн хүчин чадлыг ашигладаг. Цэвэр усны нөөц гэхэд 17 хувийг ашиглаж байна. Дарханаас тал тал тийш шинэ суурьшлын бүсүүд рүү хангалттай дэд бүтэц татчихлаа. Тэгэхээр бид шинээр нэмэгдэх монголчуудаа хүлээж авахад бэлэн. Гэхдээ манай Дарханы хамгийн том асуудал бол хүн амын төвлөрлөөс үүдэж буй ажилгүйдэл, ядуурал. Тэгэхээр бид энд татварын онцгой орчин үүсгэж байж хөрөнгө оруулалт татах ёстой. Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд тодорхой заалтууд туссан. Улаанбаатарт хотын захад байгаа үйлдвэрээсээ хотын төв рүү ороход бараг хоёр цаг түгжирч байна. Тэгвэл Дархан руу явахад 2-3 цаг болж байна шүү дээ. Энд зам, дэд бүтэц нь байна. Ямар ч асуудалгүй. Тиймээс бизнесүүд Дархан руу асар их нүүж байгаа. Бид ч үүнийг дэмжин сурталчилж байна. Дарханд татварын хөнгөлөлттэй эрхзүйн орчныг хийж өгөх ёстой. Ингэж байж бид ажлын байрыг нэмэгдүүлнэ. Түүнээс биш, төр үйлдвэр бариад ажлын байр бий болгож ядууралтай тэмцэх хэцүү. Төр бодлогоор Дарханд очиж үйлдвэр барих, ажлын байр бий болгох, бизнес хийхэд татварын хөнгөлөлт үзүүлдэг боломжийг нээж өгч байж хөрөнгө оруулалт татна.

-Дарханд ажлын байр нэмэгдсэнээр тааламжтай орчин илүүтэй бүрдэх юм байна. Мөн залуус орон нутгийг зориход эргэлзээнд хүргэдэг нэг асуудал нь боловсролын чанар. Ямар ч эцэг, эх үр хүүхдэдээ чанартай боловсролыг хүснэ шүү дээ?

-Дархан боловсролын чанараар улсдаа тэргүүлж байгаа. Сүүлийн дөрвөн жилд Дарханы боловсролын салбарт маш их ахиц гарсан. Ер нь суурь ч их сайтай. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дундчилсан чанараар аваад үзвэл шинжлэх ухааны хичээл болон англи хэлний сургалтаар улсдаа тэргүүлж байна. Энэ бол хүн амьдрах хамгийн таатай хотын том шалгуур. Түүнчлэн, манай Дарханд боловсролын хүртээмж хамгийн мундаг. Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн сургууль нэмж барьсан. Цэцэрлэгийн хүртээмжээр Дархан улсдаа тэргүүлдэг.

Харин эрүүл мэндийн үйлчилгээ жаахан сул байсан. Тиймээс 2024 онд зургаан эмнэлэг баригдана. Үүн дотор Бүсийн оношилогоо, эмчилгээний төв байгаа. Уг төв нь улсын 1, 2, 3 дугаар эмнэлэгтэй хүчин чадал ижил, гуравдугаар зэрэглэлийн том эмнэлэг байна. Үүнд Сангийн сайд нэлээн үүрэг гүйцэтгэж оролцсон. Тэгэхээр бид эрүүл мэндийн үйлчилгээ тал дээр асуудалгүй болно. Ингэснээр таны яриад байгаа бүх нөхцөлүүд хангагдана. Дээрээс нь эрүүл хоолтой. Монголын төмс, хүнсний ногооны 25 орчим хувийг дангаар хангадаг Орхон сум хажууд нь байна. Бас нэг юм нэмж хэлэхэд, Дарханд Монголын интернэтийн HUB байдаг. Өөрөөр хэлбэл, Дарханы интернэт хамгийн хурдан.

 -Одоо бол Дархан, Сэлэнгэ, Төв аймаг гэсэн илүү өргөн хүрээг хамарсан бодлогын асуудал яригдана. Таны хувьд ер нь бүс нутгийн онцлогийг хэр судалсан бэ?

-Би сая тойргийнхоо 54 сум суурин, нэгжээр явлаа. Ний нуугүй хэлэхэд, бид маш азтай болж таарсан. Төв аймаг бол нийслэлийн 1.6 сая хүнийг тэжээдэг. Баянчандмань сум Монголын өндөгний 50, Батсүмбэр сүүний 30 хувийг хангаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум мөн сүүний 30 хувь. Хүнсний ногооны нэлээн том хэсгийг хангана. Цаашаагаа Жаргалант, Сүмбэр. Монголын төмс тэр аяараа байна. Дархан бол Сэлэнгэ  аймгийн яг голд байна. Эдийн засгийн үзүүлэлтүүдийг нь харахад Сэлэнгэ нэг их наяд, Дархан 700 орчим тэрбум төгрөг. Сэлэнгэчүүд Дарханд ирж худалдан авалт хийдэг. Өөрөөр хэлбэл, энэ гурван аймаг аль эрт өөрсдөө учраа олоод зах зээлийнхээ зарчмаар холбогдоод кластер болоод хөгжөөд эхэлчихсэн юм билээ. Сурчихсан. Маш ажилтай хүмүүсийн амьдардаг бүс нутаг болчихсон. Одоо бол бид өөрсдөдөө байгаа давуу болон сул талаа хоорондоо хуваалцаж нөхөх, бие биедээ байгаа туршлагаа шингээх, хооронд нь холбож өгөх бодлогын зангилаануудыг хийх л ажил үлдсэн юм билээ.

“ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨН БОЛ МИНИЙ АЖЛЫН ХЭСЭГТ НЬ ОРЖ БАТЛУУЛСАН ХУУЛИЙН ҮР ДҮН

-Мөн малчид руу нэлээн анхаарсан жилүүд байх бололтой. Хоршооны малчид нэн хөнгөлөлттэй зээл авна. Гэхдээ малчдын хувьд өр болчих вий гэсэн айдас байна?

-“Шинэ хоршоо” хөдөлгөөн бол миний ажлын хэсэгт нь орж батлуулсан хуулийн үр дүн. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл батлагдсан. Энэ хуулийн үр өгөөж манай төвийн бүсэд хамгийн их хамаатай. Өнөөдөр захын малчин банкнаас зээл авахад 20 шахам хувийн хүү төлж байна. Нэмээд малаа барьцаална. Айдас гэдэг дээр хэлье. 20 хувийн хүүтэй зээлээс айгаагүй хүн 6 хувийн хүүтэй зээлээс айгаад хэрэггүй. Одоо зөвхөн сургалтдаа сайн суух хэрэгтэй. Сум болгонд хоёр хүн очиж сургагч багш хийгээд зохион байгуулалтад оруулж байна. Хэн түрүүлж хөдөлнө, хэн арчаатай байна энэ бодлогын үр өгөөжийг хүртэнэ. Зээл авдаггүй бизнес, зээл авдаггүй зах зээлийн харилцаа гэж байдаггүй. Гол нь энэ хэр үнэтэй байна гэдэг л асуудал. 2020 онд малчид зээлийн хүүг сарын ядаж нэг хувь руу оруулаад өгөөч гэж хүсэж байсан. Одоо бол жилийн 6 хувь руу оруулаад өглөө шүү дээ. Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь батлан дааж байна. Төвийн бүс харьцангуй аж ахуйжсан. Фермүүд хажууд нь байна. Тэндээс очоод суралц. Төр боломжийг бий болгож өгнө. Энэ боломжийг хэрхэн зөв ашиглах уу гэдэг хувь хүний чадвар, хичээл зүтгэлтэй холбоотой. Бүгд гар утастай. Интернэттэй. Түүгээрээ судал.  Хоорондоо ярилц. Нэг хоршоонд есөөс дээш өрх нэгдэнэ гэсэн ийм учиртай. Хот хүрээнд байгаа хүүхдүүдээсээ асуу, зөвлө.

-Дарханы арьс ширний цогцолборыг ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Малчдыг дэмжих нэг чухал хөшүүрэг энэ. Бүтэхгүй гэж хэлэх эрхгүй ачаа үүрэх нь дээ?

-Өнгөрсөн дөрвөн жилийн ажлууддаа сэтгэл хангалуун байна. Гэхдээ нэг юманд гонсойдог. Энэ бол Дархан арьс ширний цогцолбор. Өнгөрсөн өвөл онцгой хүнд зуд боллоо. Тэрний өмнө их үер буулаа. Энэ юуг хэлж байна гэвэл байгаль цаг уурын өөрчлөлт яриа биш, бодит болчихлоо. Байгаль цаг уурын өөрчлөлтийг даван гарахын тулд хүн амын 50 хувь нь ахуй амьжиргаагаа залгуулж байгаа мал аж ахуйн салбараа шинэчлэх ёстой. Үүний тулд бизнес моделийг нь төрийн бодлогоор хийж өгөх хэрэгтэй. Хэрхэн хийхээ судлах шаардлагатай. Тийм учраас бид Австрали, Франц, Шинэ Зеланд, Канад зэрэг орныг харлаа. Өнөөдөр манай малчид малынхаа 90 гаруй хувийг гэрийнхээ гадаа төхөөрч байна. Энэ арьс ширийг цуглуулж авна гэдэг асар өндөр зардал. Цуглуулж авлаа ч гар аргаар бэлтгэсэн түүхий эдийг боловсруулалтад оруулж чадахгүй байна. Ингээд энэ бизнес ашиггүй болдог. Тиймээс бид дараагийн дөрвөн жилд улсын хэмжээнд томоохон махны үйлдвэрүүдийг бий болгох ёстой. Малчин малаа мах боловсруулах үйлдвэрүүдэд аваачиж өгөх нь ашигтай байх зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. Махны үйлдвэрийн давуу тал нь төвлөрүүлнэ. Эрүүл ахуй талаасаа найдвартай хяналттай. Хоёрдугаарт, малаа бөөгнөрүүлж байгаад гаргах учир дайвар бүтээгдэхүүн нэг дор төвлөрнө. Үүний хажууд боловсруулах үйлдвэр зэрэгцээд явна. Үр дүнд нь эдийн засгийн хувьд ашигтай. Малынхаа түүхий эдийг бүрэн ашиглах зохион байгуулалтад орно. Дарханы арьс ширний цогцолборын хажууд махны үйлдвэр зайлшгүй байх ёстой.

-Яриагаа боловсролын салбар руу чиглүүлье. Та Дарханы гэр хорооллын сургуульд анх элсэн орж суралцах гараагаа эхэлж, Канадад дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулийг дүүргэх хүртлээ боловсролын үр жимсийг хүртэж яваа. Энэ шат бүрд хүний нүд нээгдэж, ухаан задардаг. Боловсрол таны нүдийг хэрхэн нээж өгсөн бэ?

-Би 2012 он хүртэл Монголдоо эзэмшсэн боловсролоороо амьдарч, ажиллаж байсан. Нам солигдоод ажилгүй болох үед өөртөө зоригтой шийдвэр гаргасан. Хүүхэд байхын мөрөөдөл минь дэлхийн шилдэг их сургууль төгсөх. Аав маань ч захидаг байлаа. Хэрэв би Канадад очиж Бритиш Колумбын их сургуулийг төгсөж ирээгүй байсан бол өнөөдрийн Дамдинням байхгүй. Өнөөдөр би УИХ-д суухгүй. Боловсролын багц хуулийн шинэчлэл байхгүй, Дарханы зам байхгүй, өнөөгийн би байхгүй, ийм л байх байсан. Боловсрол бол миний амьдралд хамгийн их тус нэмэр болсон хэрэгсэл. Тийм учраас энэ салбарт онцгой анхаарал хандуулдаг. Бусдад хүртээлтэй байлгахыг хүсдэг.

Би сумын сургууль төгссөн хүн. Наймдугаар ангиа Увс аймгийн Өндөрхангай суманд очиж төгсөж байлаа. Ер нь орон нутгийн боловсролын чанар ямар байдгийг сайн мэднэ. Хүн өөрөө хичээж зүтгэхгүй л бол тэнд боловсролын үйлчилгээ сул. Үүнийг арилгаж байж хөгжил дэвшил, тэгш боломж, тэгш гарааг ярина.

УИХ-ын гишүүн болоод Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв болон олон улсын байгууллагуудын хийсэн судалгааг харахад Монголын боловсролын эрхзүйн орчин монгол хүүхдүүдийг тэгш бус гараанаас эхлүүлдэг болгочихсон байсан. Улаанбаатарын төвд сайн сургуульд сурч байгаа хүүхдийн тэтгэлэг авах, сайн ажилд орох магадлал хөдөөгөөс, тэр бүү хэл нийслэлийн захын гэр хорооллын хүүхдүүдийнхээс хэд дахин өндөр байгаа юм. Хүүхдэдээ давуу боломж олгох гэж хичээж байгаа аав, ээжийг буруутгах ямар ч боломжгүй. Хүүхдээ сайн сургуульд явуулж чадахгүй байгаа эцэг, эхийн ч буруу биш. Төрийн бодлого буруу байна. Яагаад гэвэл зах хязгаар газруудын боловсролын чанарыг унагаачихсан. Учир нь тэнд сайн багш, мэргэжилтэй боловсон хүчин тогтохгүй. Боловсролыг өөд нь татъя гэвэл багшаа л өөд нь татах ёстой. Сургуулийн орчинд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн баталгаа, цалин урамшууллыг сайжруулах хэрэгтэй. Ингэж байж бид хөгжил дэвшлийн тэгш боломжийг олгоно. Тийм ч учраас Боловсролын багц хуулийн үндсэн үзэл санаа нь хөдөө орон нутагт очиж ажиллах юм бол дэмжинэ. Орон сууцыг нь төр зохицуулж өгнө. Нийгмийн баталгааг нь сайжруулна. Сая хөдөө орон нутагт уулзалт хийгээд явж байхад аймгийн төвийн багш нар “Аль суманд очиж багшлах уу” гэж ярьж байна лээ.

-Нийгмийн өмнө тулгамдсан, хөгжлийг боомилсон олон бэрхшээлийг боловсролоор дамжуулж шийдэх ёстой гэсэн Таны итгэл үнэмшил чухал санагдсан. Бэлэн зүйл өгөөд нийгмийг өөрчлөхгүй шүү дээ?

-Загас барьж өгөхөөс илүү загас барих аргыг зааж, уургатай нь өгөх хэрэгтэй гэдэг энэ. Боловсрол дээр нэг зүйлийг нэмж хэлье. Англи хэл. Англи гэдэг нэрийг нь авч хаяад олон улсын хэл гээд бодчих. Энэ олон улсын хэл манай ихэнх залуучуудад байхгүй. Төвийн, хувийн сургуульд сурч байгаа хүүхдүүд бага ангиасаа англи хэл үзнэ. Харин улсын сургуульд 5 дугаар ангиасаа л үздэг. Нэг нь долоон жилийн турш долоо хоногт хоёр цаг. Нөгөөх нь 12 жилийн турш долоо хоногийн дөрвөн цагаар англи хэл үзнэ. Тэгвэл 12 дугаар ангиа төгсөхөд хэн нь тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөөд ялах вэ?

НАМАЙГ ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД УЛС ОРОНДОО ЮУ ҮЛДЭЭСЭН БЭ ГЭВЭЛ БИ АНГЛИ ХЭЛИЙГ ЭХЭНД ХЭЛНЭ

-Олон жил англи хэл үзсэн нь.

-Ойлгомжтой шүү дээ. Энэ чинь дахиад л боловсролын тэгш бус байдлыг олгож байна. Боловсролын зээлийн сангийн маргаан яагаад гарсан юм. Учир нь төв суурин газрын хүүхдүүдэд илүү боломж нөхцөл байсан. Тэднийг дарга нарын хүүхдүүд гэж хочлоод байх шиг байна. Яг бодит байдал дээр аав, ээж нь боловсрол эзэмших нөхцөл боломжийг арай илүү бүрдүүлснээр энэ хүүхдүүд тэтгэлэг авдаг. Үүнд хүмүүс гомдоод байгаа мэт боловч төр засаг тэгш боломж олгоогүйд асуудал байсан. Тийм учраас англи хэл маш том улс төр болсон. Одоо есдүгээр сараас бүх сургуульд англи хэлийг 3 дугаар ангиас ижил чанар, ижил тоогоор үзэж эхэлнэ. Намайг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс орондоо юу үлдээсэн бэ гэвэл би англи хэлийг эхэнд хэлнэ. Боловсролын багц хуулийг хэлнэ. Энэ Монголын ирээдүйд эргэлт авчирсан бодлого. Үүний төлөө арван жилийн дараа намайг дурсаж баяр хүргэнэ гэж боддог.

-Арван жил хүлээх шаардлагагүйгээр одоо ч олон нийт талархан хүлээн авч байна. Өнөөдөр хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс гурав дахь ч хөршийн буюу англи хэлийг манай үндсэн гадаад хэл хэмээн хуульчилж зарлана гэдэг амаргүй даваа шүү дээ?

-Ярьж болох, ярьж болохгүй олон бэрхшээл байсан. Тэрний нэгийг та дурдлаа.

-Нийгэм хоёр тийш хуваагдаж, дайсагналцсан өнгө аяс хүчтэй биш ч илэрч байсан. Энэ даамжирвал маш хортой. Цаад шалтгааныг нь ухаад үзэхээр англи хэл сурсан, сураагүйн ялгаа байгаа юм. Миний хүүхдийг англи хэлгүй гээд дээдсийн хүүхдүүд тэтгэлгийг нь аваад явчихлаа гэж гомдсон, дайсагнасан. Та анзаарсан болов уу?

-Анзааралгүй яах вэ. Нэг улсад нэг хилээр ярьж байж дайсагналцах түвшинд хүрч, хуваагдал руу явж байвал маш аюултай. Хүүхдийнхээ боловсролд анхаарч чадаж байгаа аав, ээж нарыг баячууд, дарга нар гэх зэргээр ад үзэж болохгүй. Төр засаг нь тэгш боломж олгоогүйгээс шалтгаалаад хүүхэд нь англи хэл сурч чадаагүй аав, ээжийг бас буруутгах аргагүй. Энэ бол цэвэр төрийн алдаа. Төр алсаа хараагүй бодлого явуулсан учраас нийгэм хоёр салж эхэлж байгаа нь аймшигтай асуудал шүү дээ. Чинээлэг боломжтой хүн болгон хулгайч биш. Би үүнийг хатуу хэлье. Хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэхийн төлөө бүхнээ барьсан аав, ээж хулгайч биш. Энэ хүмүүсийг үзэн ядаж болохгүй. Зүгээр л хүүхэд болгонд англи хэлийг нээлттэй заачих. Хүүхэд бүрд олон улсын чанартай хичээлийг нь орчих. Энэ төрийн үүрэг.

-“Маргаашийг төсөөлж болно. Маргаашийг ямар байлгахыг бэлдэж болно”. Энэ бол таны хэлсэн үг. Маргааш юу болох, ирээдүйд юу тохиолдохыг бид барин тавин мэдэх боломжгүй. Гэхдээ бид маргаашийн сайн сайхны төлөө өнөөдөр юу хийх ёстой, тэрийгээ хэцүү байсан ч хийх л ёстой. Тийм үү?

-Их энгийн логик. Зөв хариулт авъя гэвэл зөв асуулт асуух ёстой. Тэрэнтэй ижилхэн маргааш сайн байгаасай гэж бодож байвал өнөөдөр маргаашийнхаа төлөө сайн бэлдэх ёстой. Ерөөсөө л миний бодол бол энэ. Миний хамгийн том барьж авсан ажил бол Боловсролын багц хуулийн шинэчлэл. Энэ бол маргаашийн бэлтгэл. Монголын ирээдүй 10 жилийн дараа эрс өөр байна. Монгол залуус дэлхийн хэлээр хол ойргүй бүгд ярьдаг болно. Дэлхийн хэлээр бүх мэдээллийг уншиж судалдаг болно. Хаалга үүдийг цэлийтэл нээгээд өглөө. Дэлхийтэй өрсөлд. Энэ бол маргаашийн төлөө миний хийж чадах, ирээдүйдээ өгч чадах зүйл. Сая бол бодлогоо гаргасан. Одоо ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхэд зүтгэж ажиллана. Дараагийн асуудал бол би уул уурхайн мэргэжилтэй хүн. Баялгийн тэгш хуваарилалт дээр ажиллана. Сая Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн араас хэрэгжүүлэх их олон ажил бий. Маргаашийн Монголын амжилтыг өнөөдрийн бидний хийх бодлого суурийг нь тавьж байх ёстой.

-Та зургаан хүүхдийн эцэг. Үрс үлдэх хорвоод зөв явах ёстой. Таны эцэг, эх нутаг орондоо нэр нүүртэй, олны хүндлэл хүлээсэн хүмүүс. Эцгийн нэрийг сэвтүүлж болохгүй. Мөн иргэдийнхээ итгэлийг хүлээж тууштай зүтгэх хэрэгтэй?

-Миний амьдралд хоёр удаа том эргэлт гарсан. Энэ нь миний бодож санах, юмыг хүлээж авах, шийдвэр гаргах зэрэгт том нөлөө үзүүлсэн. Нэг нь аав маань бурхан болоход бүтэн шөнө нойргүй хонож амьдралаа эргэцүүлж хоносон. Нөгөөх нь том охин маань мэндэлж, би аав болоход маш гүнзгий бодолд орсон. Энэ том хоёр эргэлтийн цэгийн дараа хүн нэрээ их боддог болдог юм билээ. Аавын маань захиаснууд одоо ч орой руу орж ирдэг. Зорилготой, зоригтой, хийморьтой амьдраарай миний хүү. Золтойхон шиг явна шүү. Эр хүн за бол ёогүй байх ёстой. Бариад авсан бол дуусгаж санаа амраарай. Нэрээ хичээж яваарай гэж захидаг байсан.

Манайх зургаан хүүхэдтэй айл. Миний үр хүүхэд ажил хөдөлмөр хийгээд явах үед аавынхаа нэрээс ичдэггүй, аавынхаа нэрээр бахархдаг. Аавынхаа гаргасан мөрнөөс илүү мөр гаргах юмсан гэж хичээдэг байгаасай гэж боддог. Жишээ нь Канад улсын Бритиш Колубмын их сургуулийн докторын зэрэг миний амьдралд нэг их хэрэгтэй биш. Гэхдээ би хамгаалах гээд зүтгэж байна. Би энийг үр хүүхдэдээ үлдээж байгаа юм. Миний аав, миний удам чаддаг, миний цусан дотор ийм ген байгаа. Би чадна, бид чадна. Хичээх ёстой гэсэн шалгуур үлдээж орхих юмсан гэж боддог. Яг энэ хандлагаар би улс төр, ажил хэрэгтээ ханддаг.