МАН-ын удирдлагууд нэр дэвшигчдээ саналын хуудсанд хэрхэн эрэмбэлэх шийдвэрийг нууцаар гаргаж, эмэгтэйчүүдээ бүгдийг нь дөрөвт бичсэн нь маргаан дагуулаад байна

МАН-ын удирдлагууд нэр дэвшигчдээ саналын хуудсанд хэрхэн эрэмбэлэх шийдвэрийг нууцаар гаргаж, эмэгтэйчүүдээ бүгдийг нь дөрөвт бичсэн нь маргаан дагуулаад байна

Сонгуулийн хуулийг батлахдаа УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар тогтоосон. Ингэж нэг гараараа эмэгтэйчүүдийн квотыг нэмсэн ч нөгөө гараараа том тойргоор санхүүгийн хүнд сорилтод оруулсан.

-УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААРАА ШИЙДВЭРЛЭНЭ ГЭЖ БАЙСАН Ч НУУЦААР ШИЙДВЭР ГАРГААД АЛЬ ХЭДИЙН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД ХҮРГҮҮЛСЭН БАЙНА-

Тэгвэл эрх баригч МАН эмэгтэй гишүүдээ дахин гомдоосон байна. Тухайлбал, энэ сарын 20-ны өдөр болсон МАН-ын Бага хурлаар нэр дэвшигчдийг тодруулахаас гадна тойрогт нэр дэвшигчдийн хэнийг саналын хуудасны хэд дугаарт бичихээ ярьж тохирохоор байжээ. Угаас МАН үүнийг Бага хурлаараа шийдэж өнөөдрийг хүрсэн. Гэвч Удирдах зөвлөл болон Бага хурал шөнө хагаслаж эхлэснээс болж 12.00 цагаас өмнө нэр дэвшүүлэлтээ л тодорхой болгож харин хэнийг хэд дугаарт бичихээ ярилцаж чадалгүй таржээ. Энэ үед намын удирдлагууд “Товлосон цагт багтаагүй учир Удирдах зөвлөл дахин хуралдаж уг асуудлыг шийдвэрлэе” гэсэн байдаг. Гэтэл Удирдах зөвлөлөө дахин хуралдуулалгүйгээр хэдхэн хүн сууж байгаад нууцаар нэр дэвшигчдээ эрэмбэлээд бүр гишүүддээ мэдэгдэлгүйгээр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна.

Ингэхдээ Х.Булгантуяагаас бусад эмэгтэй нэр дэвшигчдийг бүгдийг нь ДӨРӨВТ бичжээ.

Тухайлбал, Чингэлтэй, Сүхбаатарын тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн нэг дугаарт Н.Учрал, хоёрт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, гуравт Д.Цогтбаатар, дөрөвт М.Оюунчимэгийг бичсэн байна. Энэ нь эмэгтэй нэр дэвшигчдийг бухимдуулж, улмаар маргаан гомдол нь өндрийг авсан гэх мэдээлэл байгаа юм. МАН-ын тухайд парламентад олон удаа сонгогдсон гишүүдээ саналын хуудасны нэгд бичих тактикийг барьж байгаа аж. Гэвч анх удаа нэр дэвшиж буй Н.Батсүмбэрэлийг хоёроос гурван  удаа сонгогдсон Д.Цогтбаатар, М.Оюунчимэгээс дээр бичсэн нь шударга бус гэх саналыг нэр дэвшигчдийн зүгээс гаргаад байгаа аж.

-АН ХЭН ИЛҮҮ НАМЫН АЖИЛД ИДЭВХ ОРОЛЦООТОЙ БАЙСНААР НЬ ЭРЭМБЭЛЭЭД ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ХУРЛААРАА НЭГДСЭН ШИЙДЭЛД ХҮРЧЭЭ-

МАН-аас тойрогт 14 эмэгтэйг нэр дэвшүүлж байгаа. Тодруулбал, Хангайн бүсэд ГХ-ны сайд Б.Батцэцэг, ЭМ-ийн сайд асан А.Цогцэцэг, баруун бүсэд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ховдын Засаг дарга Э.Болормаа, Хойд бүсэд  Д.Үүрийнтуяа, Төвийн бүсэд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Өнөрболор, Зүүн бүсэд УИХ-ын гишүүн П.Анужин, говийн бүсэд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Баянзүрх дүүрэгт ХНХ-ын сайд Х.Булгантуяа, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Сонгинохайрхан дүүрэгт Соёлын сайд Ч.Номин, Хан-Уул дүүрэгт сэтгүүлч Л.Нинжжамц зэрэг эмэгтэй нэр дэвшүүлсэн байна. Эндээс харвал нэг тойрогт нэгээс хоёр л эмэгтэй нэр дэвшигч дэвшүүлж. Ингэхдээ нэгээс бусад бүх эмэгтэйчүүдийг дөрөвт эрэмбэлэсэн нь ийнхүү гомдол, маргаан дагуулжээ.

Харин нөгөө талд Ардчилсан нам намын ажилд хэн идэвх, илүү оролцоотой байсныг дээгүүрт эрэмбэлэж бусад нь ч хүлээн зөвшөөрч энэ сарын 20-ны өдөр болсон Үндэсний бодлогын хурлаараа ярилцаж, нэгдсэн шийдвэрт хүрчээ.