УИХ-ын чуулганы өчигдөр /2024.05.28/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын дөрвөн гишүүний санаачлан, өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийсэн байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хууль санаачлагчийн итгэлдээ, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.19-д “Үндэсний их баяр наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулж болно” гэж заасныг дурдаад, жороо морины уралдааныг зохион байгуулах, уяачид цол чимэг олгохтой холбоотой зохицуулалт тодорхойгүй байгааг тэмдэглэв. Хуулийн төсөлд жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяач нарт улс, аймаг, сумын цол, чимэг олгох зохицуулалтыг тусгажээ. Хууль батлагдсанаар үндэсний морин уралдааны төрлийг нэмэгдүүлэх, эрт үеэс уламжилж ирсэн жороо морины уралдааныг дэлгэрүүлэн хөгжүүлж, жороо морио дээдлэн хүндлэх, хайрлах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэх зэрэг ач холбогдолтойг тэрбээр онцолсон юм.
Тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, дэмжсэн байна. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.