Ч.Хүрэлбаатар нарыг сонгуулийн хууль зөрчсөн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэв

Ч.Хүрэлбаатар нарыг сонгуулийн хууль зөрчсөн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэв

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Он гарснаас хойш сонгуулийн хуулийг зөрчих зөрчилтэй холбогдуулан тавдугаар сарын 29-ны өдөр буюу өнөөдрийн байдлаар дүн шинжилгээ хийж үзэхэд нийт 56 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс зөрчлийн шинжтэй 35, гэмт хэргийн шинжтэй 21 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байна" гэв.

Мөн тэрбээр "Ч.Номин сайн, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нартай холбоотой гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгагдаж байгаа. Аливаа гэмт хэрэг зөрчлийг шалгах хуулийн хугацаатай. Прокурорын байгууллага хяналт тавьдаг. Хуулийн хугацаанд шалгаж, гомдлын шийдвэр гарна. Цагдаагийн байгууллага хууль тогтоомж зөрчсөн үгүйг шалгана. Тогтоогдсон нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагад албан бичгээр хүргүүлнэ. Зөрчилтэй нэр дэвшигчийг бүртгэх эсэх нь Сонгуулийн Ерөнхий Хорооны шийдэх асуудал. Нэр дэвшигч, намын гишүүн шалгагдаж байгаа гэж тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Тухайлсан гомдлууд шалгагдаж байгаа" гэлээ.