Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Тогтоолын хүрээнд “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний үр дүнд,
• Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болно,
• Ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр бий болно,
• Арьс, ширний боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22,4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болно гэж тооцоолж байна.
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 1,51 их наяд төгрөгийн зээл олгох юм байна.