Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужийн төв Ланжоу хотод Хятад-Монгол-Оросын Хүйтэн хуурай бүс нутгийн экологи, инженерчлэлийн судалгааны олон улсын төв нээгджээ.
Шинжлэх ухаан, технологийн инновацын салбарт гурван улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор тус байгууллагыг байгуулсан гэж БРИКС телевизийн сүлжээний түнш Синьхуа мэдээлэв. Энэхүү төвийн үүсгэн байгуулагчид нь Хятадын ШУА-ийн (АНК) харьяа Хятадын баруун хойд хэсгийн Экологийн орчин, нөөцийн хүрээлэн, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, П.И.Мельниковын нэрэмжит мөнх цэвдэг судлалын хүрээлэн юм. Мөн Оросын ШУА-ийн Сибирийн салбар хамтарчээ.
Уг төсөл нь 2023 оны есдүгээр сард АНК-ын Олон улсын хамтын ажиллагааны албанаас зөвшөөрөл авч, ийнхүү нээсэн байна. Баримт бичгийн дагуу тус төв нь Хятад, Монгол, ОХУ-ын нутаг дэвсгэрийн криосфер (мөс байдаг бүс) дэх ус зүйн гамшгийн нөлөөллийг судлах аж. Мөн мэргэжилтнүүд мөнх цэвдгийн бүсэд инженерийн төслүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж, цөлжилтөөс урьдчилан сэргийлж, экологийн орчныг сэргээх арга замыг судална гэж мэдээлэв.
Түүнчлэн дээрх төслийн хүрээнд хүйтэн хуурай бүс нутагт экологи, инженерийн чиглэлээр өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж, Монгол Улсын “Нэг тэрбум мод тарих” төсөл, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг чанартай барих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж.