УИХ-ын 2024 оны сонгуульд намын жагсаалтаар нэр дэвших 48, тойрогт өрсөлдөх 78 хүмүүсээ МАН, АН зэрэг улс төрийн намууд өнгөрөгч Даваа гараг /2024.05.20/-т тодруулсан. Тухайлбал, АН-ын жагсаалтаар нэр дэвшиж буй зарим хүмүүс олны эсэргүүцэлтэй тулгарч, тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал үймээн самуун, эсэргүүцэл дунд болж өндөрлөсөн нь энэ долоо хоногийн олны анхаарал татсан сэдэв байлаа.
-ЗАВХАН, УВС, ГОВЬ-АЛТАЙ, ХОВД ГЭСЭН "БАРУУН БҮС"-Д НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭР ЗАРЛАХАД НЬ З.НАРАНТУЯА ЭСЭРГҮҮЦЭЖ АН-ААС ГАРНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ-
Тодруулбал, даваа гарагт болсон ҮБХ-ны хурлынхаа эхэнд АН-ын дарга Л.Гантөмөр 13 бүсчлэлд нэр дэвшүүлж буй 78 хүнийнхээ нэрийг дуудаж, "Завхан, Увс, Говь-Алтай, Ховд гэсэн баруун бүсэд З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нарын хүмүүсийг дэвшүүлж" буйгаа мэдэгдсэн байна. Энэ үеэр З.Нарантуяа өөрийн байр сууриа илэрхийлэх гэсэн ч түүнийг санал хураалтын үеэр үгээ хэлэхийг Л.Гантөмөр санал болгожээ. Харин Л.Гантөмөрийг тойрогт нэр дэвшигчдийг танилцуулах үеэр Говийн бүсэд нэр дэвшихээр горилж байсан н.Энхмөнх эсэргүүцэл илэрхийлж багагүй үймээн самуун дэгдээсэн байна.
ВИДЕО:
Энхмөнх залуу хүн тойрогт үзэж Борхүүгийн Дэлгэрсайханыг унагаана гээд их явсан. Лу.Гантөмөр Б.Дэлгэрсайханаас мөнгө аваад Энхмөнхийг хүчээр жагаалтын хойгуур албаар чихсэн байж болох уу? pic.twitter.com/FbiFByich5
— Даваа (@zugii123) May 24, 2024
Иймд Л.Гантөмөр тэргүүтэй АН-ын удирдлагууд хурлын заалыг орхиж явсан байна. Ингээд хэсэг хугацааны дараа тойрогт нэр дэвшиж буй хүмүүсийг баталгаажуулах тогтоолыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулах үеэр З.Нарантуяа, "Энэ тогтоолд бид гарын үсэг зураагүй. Энд миний нэр байхгүй шүү, дур мэдээд ингэдэг юм бол би дэвшихгүй шүү, би өнөөдрөөс эхлээд АН-аас гарлаа. Гадаа хэвлэлийн хурал хийгээд намын дарга зугтаагаад явсан гэдгийг хэлнэ. Үнэн онигоо, ингэж сонгууль болж байснаас орохгүй байсан нь дээр. Намаа эхлээд бэхжүүл, намаа эхлээд институт болгож байж төрийн эрх барих гэж явцгаа, бүгдээрээ сонгууль орохоо больё" хэмээж өөрийг нь тойрогт нэр дэвшүүлж буйг эсэргүүцэж, ийнхүү бухимдсан байна.
Товчхондоо, З.Нарантуяа Завхан, Увс, Говь-Алтай, Ховд аймгуудыг багтаасан "баруун бүс" буюу тойрогт нэр дэвшихгүй, жагсаалтад нэрээ бичүүлж УИХ-ын сонгуульд оролцоно гэдгээ АН-ын удирдлагууддаа өмнө нь уламжилсан ч, түүний рейтинг баруун бүсэд өндөр байсан тул тойрогт дэвшүүлсэн нь түүнийг ийнхүү эсэргүүцэхэд хүргэсэн байна.
Ингээд тойрогт нэр дэвших 78 хүний нэрийг дуудсаны дараа АН-ын жагсаалтад нэр нь бичигдэж буй 48 хүний нэрийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дуудаж, "жагсаалтын нэгдүгээрт Л.Гантөмөр, хоёрдугаарт С.Одонтуяа, гуравдугаарт Ж.Батсуурь, дөрөвдүгээрт С.Цэнгүүн ..." хэмээн зарлахад хурлын зааланд байсан тус намын ҮБХ-ны гишүүд нь эсэргүүцэж орилж эхэлсэн байна. Энэ үеэр З.Нарантуяа, "С.Цэнгүүний оронд өөрийг нь дэмжих"-ийг намынхаа гишүүдэд уриалсан ажээ. Түүнийг ийнхүү мэдэгдэхэд "Зөв өө" хэмээн дэмжих олон ч байжээ.
Учир нь АН-д гишүүнээр элсээд 1 жил ч болоогүй байгаа С.Цэнгүүн гэх 20 гаруйхан настай охиныг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нарын дэмжлэгээр тус намын жагсаалтын дөрөвдүгээрт нэрийг бичсэн нь олон гишүүдэд нь таалагдаагүйн зэрэгцээ, З.Нарантуяагийн эсэргүүцэл ёстой л "гал дээр тос нэмэх" гээч болжээ. Ингээд З.Нарантуяа хамгаалагч нартай тэмцэлдсэний эцэст тайз руу гарч хурлын тэргүүлэгчээс микрофон булааж аван өөрийгөө жагсаалтад багтах ёстой гэдгээ хэлэхэд хуралд оролцогчид заалнаас дэмжиж орилсон аж.
-ТЭРБЭЭР ЭНЭ БҮХНИЙ ЭЦЭСТ ТАЙВШИРЧ БАРУУН БҮС РҮҮ ЯВАХААР БОЛЖЭЭ-
З.Нарантуяагийн хувьд Завхан аймгийн харьяат бөгөөд 2016-2020 онд тус аймгийн иргэд сонгогчдыг төлөөлөн УИХ-ын гишүүнээр ажилласан, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, Завхан аймгийн Ардчилсан намын дарга зэргээр ажиллаж байсан байна. Мөн Ардчилсан намын лидер, банк санхүүгийн салбарын туршлагатай мэргэшсэн, өндөр боловсролтой, өргөн хүрээнд судалгаа шинжилгээний ажлыг чадварлаг гүйцэтгэдэг гэдгээрээ олон нийтэд танигдсан нэгэн юм.
Тиймээс намдаа олон жил зүтгэсэн өөрийнх нь хөдөлмөр зүтгэлийг үнэлж жагсаалтад оруулаагүйд тэрбээр бухимдсан бололтой.
Дээрх үймээний дараа тэрбээр тайвширч намын удирдлагуудтайгаа ойлголцсон гэх бөгөөд баруун бүс Завхан, Увс, Говь-Алтай, Ховдын тойрогтоо нэр дэвшихээр болсон гэх мэдээллийг АН-ын зарим эх сурвалжууд өгч байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа өчигдөр /2024.05.24/ “Үе үеийн удирдлагууд дандаа л ийм намдаа, гишүүддээ “хайргүй” байсан. Тэглээ гээд гишүүд, дэмжигчид нь үйл хэрэг, үзэл санаанаасаа хэзээ ч ухарч, шантарч яваагүй нь бахархалтай. Намаа цэгцэлж, улсаа хөгжүүлэхийн төлөө эгч нь цаашдаа ч тууштай явах болно” хэмээн бичжээ. Үүнээс үзвэл түүнийг баруун бүсдээ АН-ыг төлөөлж нэр дэвших нь гэх мэдээлэл баталгаажиж байна хэмээн тус намынхан ярьж байна.