АН-ын дарга Л.Гантөмөр БНСУ-ыг зорьсон байж магадгүй байгаа бол, Э.Одбаяр утсаа салгаад алга болжээ

АН-ын дарга Л.Гантөмөр БНСУ-ыг зорьсон байж магадгүй байгаа бол, Э.Одбаяр утсаа салгаад алга болжээ

УИХ-ын 2024 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвших 48, тойрогт өрсөлдөх 78 хүмүүсээ МАН, АН зэрэг улс төрийн намууд өнгөрөгч Даваа гараг /2024.05.20/-т тодруулсан. 

Тухайлбал,  АН-ын жагсаалтын эхний дөрөвт тус намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Залуу үеийн төлөөлөл гэх С.Цэнгүүн нар багтсан нь олны эсэргүүцэлтэй тулгарсан. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Нэр дэвшигчдийг тодруулж, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдээс санал хурааж батлах ёстой ч, тооллогын комисс ажиллаагүй, энэхүү процесс болоогүй. Учир нь АН-ын дарга Л.Гантөмөр, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нарын оруулж ирсэн нэр дэвшигчдийн нэрсийг ҮБХ-ны зарим гишүүд нь эсэргүүцэж багагүй үймээн самуун дэгдээсэн тул тэд нэр дэвшигчдээ батлуулах санал хураалтыг явуулж чадаагүй" гэх мэдээллийг өгч байгаа юм.

Мөн АН-ын ҮБХ-ны хурлын үеэр Л.Гантөмөрийн танилцуулсан нэр дэвшигчдийн зарим нэрс шөнөдөө өөрчлөгдсөн байна. Тухайлбал, тойрог болон жагсаалтад нэр нь бичигдээд байсан н.Номинчимэг, Б.Ган-Очир зэрэг нэр дэвшигчдийн нэрс өөрчлөгдсөн байна.

Энэхүү асуудал нь АН-ыг УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох боломжгүй болгох эрсдэлийг бий болгоод байгаа аж. Харин үүнийг АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаярыг хийсэн байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа аж.

Тэгвэл даваа гарагт болсон ҮБХ-ны хурлын дараагаас АН-ын дарга Л.Гантөмөр, АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар намынхаа байранд ирэхгүй, холбоо барих утасаа салгаж, намынхаа гишүүдэд олдохгүй алга болоод байгаа аж. Харин зарим эх сурвалжууд, "Л.Гантөмөр асуудал намжих хүртэл БНСУ-ыг зорьсон байж магадгүй байгаа бол АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр утсаа салгаж, АН-ныхаа гишүүдэд олдохгүй алга болоод байгаа" гэх мэдээллийг өгч байна.