Д.Мөнх-Эрдэнэ: "Ногоон автобус"-ны худалдан авалт нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой учраас төрийн нууцад оруулсан

Д.Мөнх-Эрдэнэ: "Ногоон автобус"-ны худалдан авалт нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой учраас төрийн нууцад оруулсан

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) эхэлллээ.

Энэ үеэр Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ ногоон автобусны худалдан авалтыг төрийн нууцад оруулсан талаар, "Үндэсний аюулгүй байдалтай холбогдуулан дүгнэлт гаргадаг. Тагнуулын Ерөнхий газраас явуулсан дүгнэлтийн дагуу автобус худалдан авах ажиллагаа нь эдийн засгийн аюулгүй байдал болон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой асуудал мөн байна гэсэн дүгнэлт гарсны дагуу төрийн нууцад оруулсан. Өөрөөр хэлбэл энэ асуудалд дураараа шийдвэр гаргасан зүйл байхгүй" гэлээ.

"Ногоон автобус"-ны худалдан авалтыг хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, "Яг энэ худалдан авалттай холбоотой асуудлаар тагнуулын газрын бичиг яваагүй. Та 2022 оны бичиг яриад байна. Ногоон автобусны худалдан авалт нь 2023 оны хэрэг шүү" гэв.

ВИДЕО: