Г.Батцэнгэл: 3×3 баг Олимпын эрх авч чадаагүйд хариуцлага хүлээж МСБХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө

Г.Батцэнгэл: 3×3 баг Олимпын эрх авч чадаагүйд хариуцлага хүлээж МСБХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө

Унгар улсын Дебрецен хотноо болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд Монголын шигшээ баг өчигдөр /2024.05.19/ хожигдсон. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл үүрэгт ажлаа өгөхөө өөрийн сошиал хуудсаар дамжуулан өнөөдөр /2024.05.20/ мэдэгдэв.

Тэрбээр “Дүрэм журам, ёс зүйн зарчмыг тамирчдадаа ойлгуулан, хэвшүүлэх нь бидний үүрэг юм. Олимпын эрх авч чадаагүйн хариуцлагыг миний бие дангаараа бүрэн хариуцаж Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болно. Өнөөдрийг хүртэл хөгжлийн төлөө хамтран ажилласан хамт олон, хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа” гэж "X" хуудсандаа өнөө өглөө мэдэгдсэн байна.

Монголын сагсан бөмбөгийн холбооны дүрмийн дагуу дэд ерөнхийлөгч нь холбооны цаашдын ажлыг Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны хамт хариуцан ажиллана. "Энержи Ресурс" компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл 2022 оны дөрөвдүгээр сард энэ албыг хүлээж авсан бөгөөд холбооны зөв засаглалыг бэхжүүлж, санхүүгийн тал дээр бие даалгахад анхаарч ажиллахаа мэдэгдэж байсан юм.