Л.Гантөмөр, С.Баярцогт тэргүүтэй АН-ын сонгон шалгаруулах хорооны гишүүд Тэрэлжид өнөөдөр очиж нэр дэвшигчдээ тодруулахаар хуралдаж эхэлжээ

Л.Гантөмөр, С.Баярцогт тэргүүтэй АН-ын сонгон шалгаруулах хорооны гишүүд Тэрэлжид өнөөдөр очиж нэр дэвшигчдээ тодруулахаар хуралдаж эхэлжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 26/2024.06.26/-ны өдөр болно. Харин санал хураалтаас 35 хоногийн өмнө улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Иймд ирэх даваар гараг /2024.05.20/-т АН-ын Үндэсний бодлогын хороо, МАН-ын Бага хурал хуралдаж, нэр дэвшигчдээ батлах төлөвтэй байна.

Харин АН-аас нэр дэвшигчдийг тодруулах "Сонгон шалгаруулах хороо" саяхан /2024.05.16/ байгуулагдсан байдаг. Тус хороонд АН-ын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, Улс төрийн зөвлөл гишүүн Г.Эрдэнэбат, Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, ҮБХ-ны нарийн бичгийн дарга С.Батзаяа нар багтсан байдаг. 

Тэгвэл АН-ын "Сонгон шалгаруулах хороо"-ны гишүүд өнөөдөр Улаанбаатар хотоос гарч Тэрэлжид байрлах нэгэн амралтын газарт очин хуралдаж эхэлсэн байна. Тэд энэхүү хурлаараа нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд ирэх даваа гарагт болох ҮБХ-ны хурлаар багцалсан нэрсээ оруулж батлах аж. Мөн өнөөдөр АН-аас тойрог болоод жагсаалтад нэр дэвших хүсэлтэй байгаа гишүүд нь хүсэлтээ өгч байгаа ажээ.