ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин энэ сарын 16, 17-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлахаар дөнгөж саяхан Бээжинд газардсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Энэ нь В.Путины улиран сонгогдож, үүрэгт ажилдаа орсноос хойшхи анхны гадаад айлчлал юм.
Тэрбээр Хятадын дарга Ши Жиньпинтэй Украин дахь дайн, хоёр улсын улам гүнзгийрч буй эрчим хүч, худалдааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. Мөн “Бүс ба зам” санаачлага, Ойрхи Дорнод, Азийн нөхцөл байдал зэргийн талаар хэлэлцэнэ гэж Кремль мэдэгдлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Батлан хамгаалахын шинэхэн сайд Андрей Белоусов, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Аюулгүйн зөвлөлийн дарга Сергей Шойгу, Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков нар багтжээ.
Мөн худалдааны салбарын төлөөлөл болж Сангийн сайд Антон Силуанов, Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина нар Путиныг дагалдана. Бусад төлөөлөгчөөс дурдвал, Сбербанкны гүйцэтгэх захирал Герман Греф, бизнес эрхлэгч Олег Дерипаска, “VTB”-ийн ерөнхийлөгч Андрей Костин, “Роснефть”-ийн гүйцэтгэх захирал Игорь Сечин, “Новатек”-ийн тэргүүн Леонид Михелсон нар байна.
Юрий Ушаков айлчлалын талаар мэдээлэл өгөхдөө “Удирдагчид ганцаарчилсан байдлаар уулзана. Тэд цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж, цай ууна. Мэдээж хоёр талын зарим төлөөлөгчийг багтаасан албан бус яриа, албан бус оройн зоог ч байгаа” гэв. Айлчлалын үеэр Путин Хятадын ерөнхий сайд Ли Цянтай уулзаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэнэ. Мөн тэрбээр Хятадын зүүн хойд хэсэгт орших Харбинд айлчлах юм. Харбин нь ОХУ-тай олон талаар холбоотой хот юм.
🚨🇷🇺🇨🇳 PUTIN has arrived in CHINA. pic.twitter.com/xAWuOJLw0j
— Jackson Hinkle 🇺🇸 (@jacksonhinklle) May 15, 2024