Олон жил эхнэрээ хүчирхийлсэн гэх Казахстаны дипломат ажилтныг албан тушаалаас нь чөлөөлж, шалгаж эхэлжээ

Олон жил эхнэрээ хүчирхийлсэн гэх Казахстаны дипломат ажилтныг албан тушаалаас нь чөлөөлж, шалгаж эхэлжээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сар /2023.11/-д 31 настай эхнэрээ Астана хотын нэгэн ресторанд хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн Казахстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын шүүх хурал энэ өдрүүдэд үргэлжилж, дэлхий нийт анхаарч байна. Тэгвэл Казахстаны өөр нэг төрийн алба хаагчийн эхнэр нөхрийнхөө хүчирхийлэлд олон жилийн турш зовж байгаа тухайгаа мэдэгдсэн нь олон улсын хэвлэлүүдийн анхааралд ороод байгаа талаар бид өмнө нь мэдээлж байв.

Тодруулбал, Казахстанаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа элчин сайдын зөвлөхийн эхнэр мэдэгдэлдээ, "Би АНЭУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Мамаш Сакен Ташкенбайулын эхнэр Мамаш Карина Госмановна байна. Би 10 жилийн турш хүчирхийлэлд өртсөн гэдгээ мэдэгдэж байна. Би нөхрийнхөө дипломат эрхийг хасуулж, хориулахыг хүсэж байна. Учир нь тэрээр надад бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны, эдийн засгийн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийх нь төлөө шоронд орох ёстой" хэмээн бэртэл авсан өөрийн гэрэл зургуудаа нийтэлсэн юм.

Тэгвэл Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгасан байна. Түүнийг Казахстаны хилээр орж ирэнгүүт нь албан тушаалаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Дипломат эхнэрээ зодсон хэргийнхээ талаарх дуулианыг чимээгүй болгохыг оролдсон аж. Энэ талаар Бүгд найрамдах Казахстан улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Гадаад хэргийн яам энэ хэргийг онцгойлон хяналтдаа авсан. Сакен Мамашийг тавдугаар сарын 9-нд хилээр орж ирэхэд нь хуульд заасны дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүнд хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэргийн талаар нарийн ширийн зүйлийг бид мэдэхгүй, оролцох эрхгүй ч бид эхнэр Каринатай нь биечлэн уулзаж, ярилцсан. Бид бүсгүйд дээд зэргийн дэмжлэг үзүүлэх болно” гэлээ.