УИХ-ын хаврын чуулганыг энэ сарын 25-нд /2024.05.25/ хааж магадгүй талаар албаны эх сурвалж хэлэв. Энэ нь 2020-2024 оны парламентын отгон чуулганы хаалт юм. Хуулинд зааснаар хавар, намрын чуулганыг 75 хоногоос доошгүй хуралдуулах ёстой. Гэтэл энэ хаврын чуулганаар 75 хоног хуралдаагүй бөгөөд дунд нь 7 хоног завсарласан. Мөн гишүүд сонгуульдаа анхаарч тойрогтоо ажилласнаас болж байнгын хороо, чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй хууль батлах үйл ажиллагаа цалгардсан.
Энэ хаврын чуулганаар нийт 44 асуудлыг хэлэлцэхээр баталсны дотор 18 хуулийн шинэчилсэн найруулга мөн Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Ерөнхийлөгчийн тухай, УИХ-ын тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслүүд багтсан байсан. Цаашлаад Монгол Улсын 2025 оны Хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэл зэргийг хэлэлцэхээр товлоод байв. Гэтэл төлөвлөсөн хуулиудаа батлах нь бүү хэл хуулийн ирээдүйд гарах үр дагавар, ач холбогдлыг ч тооцох завдалгүй алх цохиж байна.
Үлдсэн долоо хоногт Засгийн газраас нэн яаралтай өргөн мэдүүлээд буй Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд зэрэг хуулийг яаравчлан батлаад тарахаар төлөвлөж байгаа аж.