ВИДЕО: Шоронгийн хуягийг алж, хамтрагчаа оргуулсан гэх “Харууд” нэртэй бүлэглэлийнхнийг олохоор олон зуун цагдаа дайчлагджээ

ВИДЕО: Шоронгийн хуягийг алж, хамтрагчаа оргуулсан гэх “Харууд” нэртэй бүлэглэлийнхнийг олохоор олон зуун цагдаа дайчлагджээ

Өчигдөр буюу мягмар гарагт Франц улсын хойд нутагт хар тамхины гэмт хэрэгтнийг тээвэрлэж явсан албаны автомашин зэвсэгт халдлагад өртөж шоронгийн хоёр хуяг алагдаж, гурван хуяг хүнд шархадсан ноцтой хэрэг гарчээ. Тус машинд “Ялаа” хочит хар тамхины наймаачин Мохамед Амраг мөрдөгчидтэй уулзуулахаар Роуэн хот руу тээвэрлэж явсан бөгөөд халдлагын үеэр түүнийг хамтрагчид нь оргуулсан байна.

Өдгөө 30 настай, “Харууд” нэртэй гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн тэрбээр тавдугаар сарын 10-ны өдөр Эвре хотын шүүхээс хулгайн хэрэгтээ ял сонсож Вал де Ройлын шоронд хоригдож байжээ. Хяналтын камерын бичлэгээс үзэхэд зэвсэгт этгээдүүд шоронгийн автомашиныг жижиг тэргээр мөргөж зогсоон, буудалцаж эхэлжээ.

Францын дотоод хэргийн сайд Жеральд Дарманин “Гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах ажиллагаанд бүх арга техникийг ашиглаж байна. Миний тушаалаар хэдэн зуун цагдаагийн албан хаагч дайчлагдлаа” гэж тэр Х хуудсандаа бичжээ. Франц улсын хувьд Марсель боомт хот хар тамхины гэмт хэргийн гол төв болоод байгаа ба зохион байгуулалттай гэмт хэрэг, аллага хүчирхийлэл хурдтай нэмэгдэж тус улсын шоронд сүүлийн жилүүдэд байгаагүйгээр их ачаалал үүсээд байгаа юм. Мөн тус улсын шоронгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл амиа алдсан мэргэжил нэгтнүүдийнхээ дурсгалыг хүндэтгэн Францын шоронгуудыг нэг өдөр хаахыг эрх баригчдад уриалжээ.