2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт зохион байгуулна. Энэ жилийн сонгуулийг холимог системээр бүсчилсэн том тойрогт явуулахаараа онцлогтой.
Тодруулбал, УИХ-ын 78 гишүүн олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж сонгуулийн хуулинд заасан. Тогтоолын төсөлд сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6 нийт 13 байхаар тусгасан юм.
Тэгвэл зургаан мандаттай Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 10 дугаар тойрогт Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан нэр дэвшихээр болжээ.
Б.Жаргалсайхан нь сонгууль бүрээр нэр дэвшиж бусад намын саналыг хуваадаг. Ингэхдээ тодорхой мөрийн хөтөлбөргүй, хийх ажлын төлөвлөгөөгүй оролцдог. Өөрөөр хэлбэл, санал хувааж сонгуулиар мөнгө олох зорилгоор л нэр дэвшдэг гэх шүүмжлэл бий. Тэрбээр 1992, 1997 оны сонгуульд Ардчилсан намаас, 2008, 2016 онд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байсан ч сонгогдоогүй. Харин 2004 онд УИХ-ын 70 дугаар тойргоос нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Тэрбээр сайд болон УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа улсаас авсан зээлээ төлөөгүй хаалгуулж байсан гэх мэдээлэл бий. Түүнээс гадна 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотой жагсаалыг зохион байгуулсан хэмээн сэжигтнээр татагдан баривчлагдаж байв.