2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт болоход нэг сар 14 хоног үлдлээ. Горилогчид өнгөрсөн гуравдугаар сараас хойш горилж буй тойрогтоо ажилласан бөгөөд хуульд заасны дагуу маргаашийг /2024.05.15/ хүртэл л иргэдтэй уулзах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгаа эхэлтэл иргэдтэй уулзах эрх нь маргаашаар хаагдаж байна гэсэн үг.
Ийнхүү хоёр сар гаруй хугацаанд тойрогт ажиллаж, хууль батлах үндсэн ажлаа орхигдуулсан гишүүд маргаашнаас нэг ажилдаа төвлөрөх нь үү гэх хүлээлт байна. Мөн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах үйл ажиллагаа өнөөдрөөс /2024.05.14/ албан ёсоор эхэлж байна. Тодруулбал, энэ ажиллагаа энэ сарын 14-20-ны хооронд үргэлжлэх хуулийн хугацаатай. Улс төрийн гол хүчин МАН, АН энэ сарын 16-н гэхэд нэр дэвшигчдээ 90 гаруй хувьтай тодорхой болгох бөгөөд ирэх даваа гарагт болох /2024.05.20/ Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хурлаараа баталгаажуулна гэх мэдээлэл байна. Энэ удаагийн сонгуульд нэг нам, эвсэл 78 хүнийг тойрогт, 48 хүнийг жагсаалтад нэр дэвшүүлнэ.
-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХИЙЛГЭСЭН СУДАЛГААНЫ СҮҮЛИЙН ДҮН ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ГАРЧЭЭ-
МАН-ын нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар нар нөлөөтэй оролцож өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлнэ. Гэхдээ нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дуустал буюу энэ сарын 20-ныг хүртэл ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байх, хэвлэлээр хэт ялгарсан сурталчилгаа явуулахгүй байх, штаб байгуулж ажиллахгүй байх, аливаа мэдээлэл, ярилцлагыг өгөхгүй байх чиглэлийг МАН-аас гишүүддээ өгчээ.
Энэ чиглэл аль сарын өмнөөс гишүүдэд нь ирсэн бөгөөд 20-ноос хойш бужигнаж ажлаа эхлүүлэх бололтой. МАН-ын удирдлагууд нэр дэвшигчдээ тодруулахын тулд өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа рейтингийн судалгаа хийлгэсэн бөгөөд судалгааны сүүлийн дүн өнгөрсөн долоо хоногт гарч дуусчээ. Энэ судалгааны үр дүнд үндэслэн хэн, хэн хаана нэр дэвших эсэх нь тодорхой болох юм. Нөгөөтэйгүүр 128 квот дээр 270 гаруй горилогч МАН-д байна. Тооны хувьд нэг нугалсан энэ их хүсэлтийг МАН-ын удирдлагууд яаж зохицуулах нь сонин.
-Х.БАТТУЛГА Л.ГАНТӨМӨРТЭЙ УУЛЗАЖ “ХОЙД БҮСЭД НЭР ДЭВШИХ ХҮМҮҮС ЧИНЬ СУЛ БАЙНА. БИ ӨӨР ХҮМҮҮС САНАЛ БОЛГОЁ” ГЭЖЭЭ-
Харин АН-д дарга Л.Гантөмөрөөс нь гадна Х.Баттулга, С.Баярцогтын “Нэг Ардчилал”, Ч.Өнөрбаяр нарын “Олуулаа” зэрэг клубууд нөлөөтэй оролцож тэнд тэрийг дэвшүүлнэ, түүнийг жагсаалтад оруулна хэмээн ярьж явна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Н.Алтанхуяг, өөрийн дагуулж явдаг УИХ-ын гишүүн С.Ганбаатар нартай хамт Хойд бүс буюу Хөвсгөл, Булган, Эрдэнэтээр явж ирчхээд Л.Гантөмөртэй уулзаж “Энэ тойрогт нэр дэвших хүмүүс чинь сул байна. Болохгүй байна. Би хүмүүс санал болгоё” гэж хэлжээ.
Харин Л.Гантөмөр үүнд нь дургүйцсэн гэх мэдээлэл байна. Л.Гантөмөрийн хувьд олон фракцийнхаа эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр зохицуулалт хийх болов уу гэсэн хүлээлт байна. Түүний хувьд жагсаалтад шинэ залуу, нэр цэвэр хүмүүсээ оруулна “Оддын чуулган” болгоно хэмээн ярьж яваа гэх мэдээлэл ч бий. Ташрамд дурдахад, сонгуулийн санал хураалтыг ирэх сарын 28-нд явуулах бөгөөд 78 гишүүнийг тойрогт, 48 гишүүнийг жагсаалтад нэр дэвшүүлнэ.