Хүүхэд нь эндсэн ч "Алдарт эхийн одон" олгодог болох хуулийн төслийг ЕТГ-аас өргөн барилаа

Хүүхэд нь эндсэн ч "Алдарт эхийн одон" олгодог болох хуулийн төслийг ЕТГ-аас өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулж, иргэдээс санал авч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэхүү хуулийн төслийг ЕТГ-аас өнөөдөр /2024.05.13/ өргөн барьжээ. 

Тодруулбал, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь нэг нас хүрсэн бол "Алдарт эхийн I" одонг олгож буй. Мөн "Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй гэж хуульд заажээ.

Хэрэв ЕТГ-аас боловсруулан хуулийн нэмэлт өөрчлөлт дэмжигдвэл ээжүүд хүүхэд тээж төрүүлсэн тоогоороо алдарт эхийн одон авах боломж бүрдэх нь гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бага хүүхэд нь нэг нас хүрсэн байхад өмнөх аль нэг хүүхэд нь ямар нэгэн байдлаар эндсэн тохиолдолд тухайн ээж хүсэлтээ гаргавал тус одонг олгодог байх. Харин хүүхдээ үрчлүүлсэн тохиолдолд олгохгүй байхаар нэмэлт өөрчлөлтөд тусгажээ. Ингэснээр өмнөх хуульд заасан шалтгаанаар алдарт эхийн одонгоо авч чадаагүй ээжүүд нөхөж авах хүсэлтээ өгч болох аж.