Гадаадад байгаа монголчуудын төлөөлөл УИХ-ын сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргажээ.
Энэ талаар "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" ТББ-ын ЕНБД асан Б.Мөнхдөл, "Гадаадад байгаа иргэд түүхэндээ хоёр дахь удаагаа УИХ-ын сонгуульд санал өгөх гэж байна. Гэхдээ гадаадад байгаа иргэд зөвхөн нам, эвслийг сонгох буюу жагсаалтын 48 гишүүнийг л сонгох юм. Энэ нь Үндсэн хуулиар олгосон тэгш сонгох эрхийг зөрчиж байна. Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сард ҮХЦ-д хандсан боловч, маргаан үүсгэхээс татгалзсан. Маргаан үүсгэхээс татгалзсан тогтоолыг олон нийтэд мэдээлээгүй, бид өөрсдөө утасдаж мэдэж, цаасаар гаргаж авсан. Гэвч энэ тогтоол нь ямар ч үндэслэлгүй байгаа тул өнгөрсөн долоо хоногт дахин гомдол гаргаад байна.
Үндсэн хуульд тэгш сонгох эрхийг хуульчилсан. Монгол Улсын иргэн, хаана байгаагаас үл хамааран 126 гишүүнийг бүгдийг нь сонгоход оролцох эрхтэй.
Түүнчлэн Венийн конвенцын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр гэдэгт гадаад улс дахь Монголын дипломат төлөөлөгчийн газар байрших газар мөн хамаарах ба сонгуулийн тойргийг тогтоохдоо Монгол Улсын эдгээр нутаг дэвсгэрийг орхигдуулсан нь үндэслэлгүй. ҮХЦ-ийн гишүүн гадаад улсад оршиж байгаа иргэн нь "Хаягийн бүртгэлгүй" гэж дүгнэсэн нь огт хууль, эрх зүйн үндэслэлгүй. Баталгаат шуудан, цахим засаглалын ололт дэвшил бүхий орчин үед гадаад байгаа иргэдийн "Тэгш сонгох" эрхийг хангах боломж гагцхүү хууль тогтоох дээд байгууллагын бүрэн эрхэд бий" гэсэн юм.