Хан-Уул дүүрэг нь нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргийн нэг юм. 16 хороонд хуваагддаг. 1936 оноос Аж үйлдвэрийн 7-р хороо, 1948 оноос 10 дугаар хороо, 1955 оноос Ажилчны хороо, БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4-р сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Ажилчны район нэртэй байгуулагджээ.
1992 оноос Хан-Уул дүүрэг хэмээн нэрлэх болсон. Тус дүүрэг нь 2024 оны УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог болох бөгөөд нэр дэвшигчид гурван мандат дээр өрсөлдөнө. Тэгвэл тус дүүрэгт улс төрийн гол хүчин МАН, АН-аас хэн, хэн нэр дэвшихээр горилж байна вэ.
-ХАН-УУЛЫН АН-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛЖ, О.ТЭНҮҮНИЙГ ТОМИЛОХ ГЭСЭН Ч БҮТЭЛГҮЙТСЭН ЮМ-
АН-аас тус дүүрэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн, комедиан Д.Амартүвшин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд асан, "Лавай" захын эзэн Э.Тамир нар горилж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн нь “Шарк танк” нэвтрүүлгээр олонд танигдсан, Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Отгонбаярын хүү бөгөөд одоо "Оюуны Ундраа" группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Саяхан Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракцаас Хан-Уул дүүргийн АН-ын хорооны одоо байгаа даргыг огцруулж, тус албан тушаалд О.Тэнүүнийг дэвшүүлэх гээд бүтэлгүйтсэн ажээ.
Дээрхээс гадна О.Тэнүүн саяхан нэгэн арга хэмжээнд оролцож, "үсээ хусуулж, ламын дүрд хувираад хэрхэн АНУ-ын визэнд орж, тус улсыг зорьж байсан" тухайгаа ярьсан нь олны анхааралд ороод байсан юм. Түүний ийнхүү ярьсан нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байгаатай нь холбоотой байжээ. Харин комедиан Д.Амартүвшингийн хувьд Либертари намыг үүсгэн байгуулсан ч Улсын дээд шүүх бүртгэхгүй байсаар өнөөдрийг хүргэсэн. Тиймээс АН-д нэгдэж тус намаас нэр дэвшихээр болсон юм. Түүний хувьд сүүлийн үед АН-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, либериал байх зэрэг асуудлаар илтгэл тавих, асуудал хөндөх зэргээр ажиллаж байна.
Харин Э.Тамирын хувьд С.Эрдэнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх үед буюу 2012-2014 онд дэд сайдаар нь ажиллаж байжээ. Тэрбээр Хан-Уул дүүрэгт байрлах "Лавай" захын эзэн бөгөөд Хан-Уул дүүргээс ИТХ-д сонгогдон хоёр удаа ажилласан байна. Түүнийг дэд сайдаар ажиллаж эхлэх үед 200 саяын авлигаар эл албан тушаалд очсон зэргээр хэвлэлүүд бичиж байв.
-Д.САРАНГЭРЭЛ "НЭР ДЭВШИХГҮЙ" ХЭМЭЭН ЯРЬЖ ЯВАА Ч НАМДАА ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН БОЛ СОЁЛЫН САЙД Ч.НОМИН СОНГИНОХАЙРХАН ЭСВЭЛ ХАН-УУЛД НЭР ДЭВШИХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА-
Харин эрх баригч МАН-аас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Д. Сарангэрэл, Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спортын зөвлөх Т.Мөнхсайхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар нэр дэвшихээр горилж байна. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь "Шарк танк" нэвтрүүлгээр танигдаж, суут эрдэмтэн Б.Ринченгийн үр удам гэх сурталчилгаагаар 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан. Харин тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллах дөрвөн жилийн хугацаанд Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон юм.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн тухайд “Энэ удаа би нэр дэвшихгүй” хэмээн ойрын тойрныхондоо ярьж яваа нь угаас дэвшүүлэхгүй намын даргын хандлагатай нь холбоотой ч намдаа нэр дэвших хүсэлтээ өгсөн, горилж байгаа гэх мэдээлэл байна. Тэрбээр 2012 оноос хойш тасралтгүй 12 жил УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллажээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэд, хэдэн зөвлөх нэр дэвшиж байгаагийн нэг нь Т.Мөнхсайхан юм. Т.Мөнхсайхан нь эмч мэргэжилтэй бөгөөд ГССҮТ, Нэгдүгээр эмнэлгийн захирал, Эрүүл мэндийн дэд сайд, сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан. Түүний гэр бүл нь "Хүчит шонхор зах", Миркури захыг эзэмшдэг.
Харин Соёлын сайд Ч.Номин нь Сонгинохайрхан эсвэл Хан-Уул гэх хувилбартай байгаа бөгөөд хаана нэр дэвших нь энэ сарын 20-ны Бага хурлаар тодорхой болно.
Эдгээрээс гадна тус дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нэр дэвшихээр горилж байгаа аж. Түүний хувьд 2016 оноос Хан-Уулын Засаг даргаар ажиллаж, НИТХ-д төлөөлж байна. 2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 28-нд явуулах бөгөөд 78 гишүүнийг томсгосон тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаас сонгох юм.