Украины Харьков мужийн хил орчмын бүс нутгууд өчигдөр /2024.05.10/ өглөө Оросын армийн довтолгоо, их хэмжээний буудлагад өртөж эхэлсэн байна.
Энэ талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн хэлснээр, "Украины Зэвсэгт хүчин ийм үйл явдал өрнөхөд бэлэн байсан" гэжээ. Мөн Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч А.Сирскийн, "бүх фронтын шугамын дагуу ширүүн тулаан болж байна. Украины арми Харьков муж руу нэмэлт хүч илгээж, Оросын довтолгоог няцаахын тулд их буу, нисгэгчгүй онгоц ашиглаж байна" гэж мэдэгдсэн байна.
Харин АНУ-ын тал, "Оросын тал Украин дахь довтолгоогоо эрчимжүүлнэ гэдгийг мэдэж байсан. Энэхүү довтолгоонд Украины хүчин чадал өндөр бэлтгэлтэй байгаа бөгөөд Оросын арми дайны талбарт амжилт үзүүлнэ гэдэг нь эргэлзээтэй" гэсэн байна. Тэгвэл Харьков мужид цэргийн ажиллагаа явуулж байгаа талаараа Оросын тал ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Мөн "Оросын цэргүүд Харьков муж дахь хилийн дөрвөн сууринг эзэлж, Волчанскийн ойролцоох Харьков муж руу нэг километрийн гүнд орсон" гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: BBC