Х.Баттулгын "Хөх туг"-аар овоглож байсан залуус түүнийг орхиж, Л.Мөнхбаясгалан АН-ын дарга Л.Гантөмөртэй ярихгүйгээр УИХ-д нэр дэвшинэ гэдгээ зарлажээ

Х.Баттулгын "Хөх туг"-аар овоглож байсан залуус түүнийг орхиж, Л.Мөнхбаясгалан АН-ын дарга Л.Гантөмөртэй ярихгүйгээр УИХ-д нэр дэвшинэ гэдгээ зарлажээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын гишүүн С.Ганбаатар, А.Адъяасүрэн нар болоод АН-ын хэсэг залуусыг дагуулан өнгөрсөн оны наймдугаар сарын 21 /2023.08.21/ -ний өдрөөс эхлэн аймаг, орон нутгийг тойрч эхэлсэн ба үүнийгээ "Хөх туг" аян гэж нэрлэсэн. 

Тэд ийнхүү орон нутгийг тойрох үеэрээ уулзалтад ирсэн иргэдээс "АН-ын нэр, логог өөрчлөх нь зөв үү" гэсэн утгатай судалгааг хүртэл авсан байдаг. Харин "Хөх туг" гэх аяныг "АН-аас хийж буй нэг арга хэмжээ" хэмээн тус намын дарга Л.Гантөмөр мэдэгдсэн ч, Х.Баттулга "энд нам ямар ч хамаагүй" гэсэн байдаг.  

-ЖАГСААЛТАД ОРУУЛНА, НЭР ДЭВШҮҮЛНЭ, СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДНЭ ГЭЖ АМЛАСАН АМЛАЛТДАА ХҮРЭЭГҮЙ ТУЛ Х.БАТТУЛГЫГ ОРХИЖЭЭ-

Тэгвэл “Хөх туг” бүлэглэл тарж, Х.Баттулгатай нийлсэн байсан залуус түүнийг орхин явсан байна. Тодруулбал, Х.Баттулгын татаасаар АН-ын дэд дарга болсон П.Галиндэв, Нийслэлийн АН-ын дарга болсон Т.Батцогт, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч болсон Б.Ган-Очир тэргүүтэй залуус Х.Баттулгыг орхин явж, "Хөх туг" бүлэглэл нь задарсан байна. Харин тэд яагаад тус, тусын замыг хөөх болсон нь сонин.

Тодруулбал,  Х.Баттулга нь эдгээр залуусыг "гацуур модны чимэглэл" шиг ашиглахдаа 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтад оруулж өгнө, тойрогт нэр дэвшүүлнэ, сонгуулийн зардлыг нь хариуцна гэж амласан байж. Харин эцэст нь энэ тохирооноосоо буцаж саяхан болсон Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны Удирдах зөвлөлийн хурлын үеэрээ “сонгуулийн санхүүжилтийг хариуцаж чадахгүй” гэжээ. Ингээд Х.Баттулгатай хамт хөдөө орон нутаг тойрч, түүний "Хөх туг"-аар овоглож явсан П.Галиндэв, Б.Ган-Очир, Т.Батцогт нарын АН-ын гишүүн залуучууд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг орхисон байна. Харин өдгөө эдгээр залуучууд АН-ын дарга Л.Гантөмөр дээрээ очиж “Нэр дэвших боломж өгөөч” хэмээн уулзаж байгаа аж.

-Л.МӨНХБАЯСГАЛАН Л.ГАНТӨМӨРӨӨС БУС Х.БАТТУЛГААС ЧИГЛЭЛ АВЧ НЭР ДЭВШИХЭЭ ЗАРЛАСАН УУ-

Үнэндээ “Хөх Монголын хөх туг”  АН-ынхны хэлээд байгаа шиг аян биш, Х.Баттулгын улс төрд эргэн ирэх замыг засах акц, хөрсийг нь бэлдэх хэлбэр байсан юм. Гэвч энэ аян түүний тооцсон шиг үр дүнг өөрт нь авчрах эсэх нь эргэлзээтэй болов. Х.Баттулгыг тойрон хүрээлж, "Хөх туг"-аар нь овоглож байсан залуус түүнийг орхин явснаас гадна АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны санал өгөх эрхтэй 400 гаруй гишүүний 50-60 нь л түүний МоАХ фракцад харьяалагдаж байгаа аж.

Тэгэхээр "Нэр дэвшигчдийг тодруулах" ҮБХ-ны санал хураалтад Х.Баттулгын МоАХ фракц жин дарахгүй гэсэн үг.

Цаашлаад Х.Баттулга "энийг нэр дэвшүүлье. Үүнийг жагсаалтад оруулна" хэмээн зарим нэг нэрсийг Л.Гантөмөр рүү өгөхөд нөгөөх нь "шаардлага хангахгүй байна" гэх шалтгаанаар хүлээж авахгүй байгаа аж. Энэ мэтээр Х.Баттулгын АН дахь хүч нь суларч байгаа ажээ. Мөн Х.Баттулгын гэгдэх хүмүүс намын дарга Л.Гантөмөртэйгөө ярилцаж, түүнтэй тохирохгүйгээр "УИХ-ын сонгуульд нэр дэвших" шийдвэр гаргаж, сонгуулийн ажилдаа орж буй нь энэ намд гол яриа болоод байгаа аж. Тухайлбал, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нь Л.Гантөмөртэй ярилцаж, тохирохгүйгээр Өмнөговь аймгийн АН-ын хороонд гишүүнээр элсэж, говийн бүсэд нэр дэвшихээ зарлажээ. Тэгэхээр түүнийг Х.Баттулгаас чиглэл авсан байх магадлалтай хэмээн тус намд ярьж байна.