Ховд аймаг сумдууддаа 122 сая төгрөгөөр мотоцикл авах, Чингэлтэй дүүрэгт 720 саяар сонгуулийн сурталчилгааны самбар байршуулах тендер зарлажээ

Ховд аймаг сумдууддаа 122 сая төгрөгөөр мотоцикл авах, Чингэлтэй дүүрэгт 720 саяар сонгуулийн сурталчилгааны самбар байршуулах тендер зарлажээ

2024 оны сонгуулийг томсгосон 13 тойрогт холимог системээр явуулж үр дүнд нь анхны 126 гишүүнтэй парламент бүрдэх юм. Хаврын чуулган үргэлжилж байгаа ч гишүүд ирэх зургаадугаар сард болох сонгуулийн бэлтгэл ажлаа базаагаад тун завгүй яваа тул хаврын чуулганыг түр завсарлуулаад буй.

 

Сонгууль дөхөхөөр УИХ-ын гишүүд иргэд, малчдадаа хайр зарлаж, тэдний цахим хуудас иргэд, малчин олонтойгоо тэврэлдсэн зургаар дүүрч, нутаг усандаа учиргүй хайртай хүмүүс болж хувирдгийг хэн хүнгүй мэднэ биз ээ. Энэ жилийн хувьд ч мөн адил малчдаа тордох, тойглох ажил эхэлжээ. Учир юу гэвээс tender.gov.mn буюу улсын худалдан авах ажиллагааны цахим мэдээллийн санд хэд хэдэн хачирхалтай тендерийн шалгаруулалт зарлагдсан байна.

-3 ТЭРБУМААР МАЛЧДЫГ ДУРАНГААР ХАНГАХ ТЕНДЕР ЗАРЛААД БУЦААН ТАТЖЭЭ-

Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас “Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд 3 тэрбум төгрөгөөр малчдаа орчин үеийн дурангаар хангах тендерийг энэ оны гуравдугаар сарын 17-нд зарлаж байсан ч олон нийтийн дургүйцэлтэй тулгарснаас болсон уу тун удалгүй буцаан хүчингүй болгожээ.

Сонирхуулахад, Өмнөговь аймгаас өнгөрсөн дөрвөн жил Ажнай Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар сонгогдон ажилласан ч тэд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон тул дахин нэр дэвшихгүй гэсэн таамаг байгаа юм. Харин энэ жил томсгосон тойрог буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудыг багтаасан 7 дугаар тойрогт Б.Дэлгэрсайхан, Б.Саранчимэг, Д.Сумъяабазар, Н.Баярчимэг, Ө.Золбаяр, Д.Занданбат, Сү.Батболд, Л.Энхболд нарын нэрс яригдаж буй.

-ХОВД АЙМГИЙН СУМДАД МОТОЦИКЛ ТАРААХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ-

Түүнчлэн Ховд аймагт “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 4 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааны тендер зарлажээ. Ингэхдээ Хөдөөгийн багуудад мотоцикл олгоно хэмээн 122 сая төгрөгийг төсөвлөсөн байх юм.

Ховд аймгаас өнгөрсөн дөрвөн жил УИХ-д С.Бямбацогт, Ш.Адъшаа, Б.Пүрэвдорж нар сонгогдон ажилласан. Мөн энэ жилийн сонгуульд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд багтаж байна. Иймд сонгуульдаа эртнээс бэлдэж хөдөө орон нутагтаа улсын төсвийн 120 гаруй сая төгрөгөөр мотоцикл тараах гэж байж магадгүй байна.

-ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ТӨСВИЙН 720 САЯ ТӨГРӨГӨӨР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ САМБАР БАЙРШУУЛНА-

Мөн Чингэлтэй дүүрэгт сонгуулийн сурталчилгааны самбар хийхээр 720 сая төгрөгийн тендер зарласан байна. Энэ тойргоос “Ногоон автобусны” гэх хэрэгт холбогдсон Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар болон нүүрсний гэх хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан нар өнгөрсөн дөрвөн жил парламентад суусан. Харин энэ жил АН-аас Ц.Баатархүү, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ц.Баярсайхан нар нэр дэвшихээр горилж байгаа ба МАН-аас Д.Цогтбаатар, Н.Учрал, М.Оюунчимэг О.Номинчимэг, Н.Батсүмбэрэл нар нэр дэвшихээр яригдаж байна. Эдгээр хүмүүс хувийн сурталчилгаагаа хийхийн тулд улсын төсвөөр сонгуулийн сурталчилгааны самбар хийх гэж байна уу гэсэн хардлага төрж байгаа юм.