Г.Дамдинням: Иргэд УИХ-тай хамтраад Үндэсний баялгийн санг хянаад явна гэдэгт эргэлзэх хэрэггүй

Г.Дамдинням: Иргэд УИХ-тай хамтраад Үндэсний баялгийн санг хянаад явна гэдэгт эргэлзэх хэрэггүй

УИХ-аас баталсан хууль тогтоомжийг танилцуулах, хууль эрхзүйн орчны шинэчлэл иргэдийн амьдралд ямар эерэг нөлөө үзүүлэх талаар тайлбарлан таниулах үүргийнхээ хүрээнд Г.Дамдинням тэргүүтэй гишүүд төвийн бүсийн аймаг, сумдад ажиллаж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт суманд уулзалтад оролцогчид саяхан батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үр өгөөж, хуулийн хэрэгжилтэд олон нийт хэрхэн хяналт тавих асуудлыг сонирхов. Өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгайтай холбоотой авлига, албан тушаалын томоохон хэргүүд илэрч, хэдэн их наядаар тоологдох хохирлын асуудал яригдсан. Иймээс төр иргэнтэйгээ хамтарч уул уурхайн баялгийн үр өгөөжийг бүрэн хянадаг, зөв оновчтой хуваарилах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй талаар иргэд саналаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Үндэсний баялгийн сангийн зохион байгуулалт, бүх шийдвэрийг УИХ дээр хэлэлцэнэ. Энэ бол хяналтын механизмыг бүрдүүлж өгсөн амин чухал заалт юм. Тиймээс иргэд УИХ-тайгаа хамтраад Үндэсний баялгийн сангаа цаг тутам хянаад явна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бид үүргээ биелүүлж хяналтаа сайн тавьж чадсанаар байгалийн баялгийн ашиглалтад дахин хулгай нүүрлэхгүй. Хоёрдугаарт, байгалийн баялгийг зөв зохистой менежментээр ашиглаж, төрийн хяналтыг оновчтой болгох чиглэлд анхаарсан эрхзүйн орчныг бүрдүүлж эхэлснээр бодит өгөөжүүд бий болж байгааг та бүхэн харж байгаа байх. Үүнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг онцолмоор байна. Уг хууль хэрэгжсэнээр бид бүхэн баялгаа бодит үнээр зарж чадаж байна. Ингэснээр Монгол Улсын төсвийн орлого өнгөрсөн онд сайн өслөө. Энэ оноос хөдөө орон нутгийн төрийн албан хаагчийн цалинг 40 хүртэл хувиар нэмсэн гэх мэт олон боломжийг дээрх хуулиуд олгож эхлээд байна” гэсэн юм.