Сонгуулийн өмнө МАН-ыг "хөлдөө чирж" мэдэх Ногоон автобус болон Газрын сонсголыг хийхээргүй болжээ

Сонгуулийн өмнө МАН-ыг "хөлдөө чирж" мэдэх Ногоон автобус болон Газрын сонсголыг хийхээргүй болжээ

Өнгөрсөн хугацаанд олны анхаарлыг татаж, буруутай этгээдүүд нь хариуцлага тооцох ёстой гэх нийгмийн шаардлагатай тулаад байсан "Ногоон автобус" болон Газрын асуудлар энэ хаврын чуулганы хугацаанд сонсгол зохион байгуулахаар төлөвлөөд байсан. Бүр УИХ-ын тамгын газраас дээрх сонсголтой холбоотой зохион байгуулалтыг хийж, Түр хороо байгуулан даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Цэрэнпунцаг нарыг томилсон. 

ҮЗЭХ:

-"НОГООН АВТОБУС"-НЫ СОНСГОЛД ШААРДАГДАХ МАТЕРИАЛЫГ ШИНЖЛЭХ СУДЛААХ ШИНЖЭЭЧ НАРЫГ ТОМИЛООД БАЙНА-

Гэтэл тус Түр хороод нь хаврын чуулганы хугацаанд сонсголыг хийхгүй болсон гэх мэдээлэл байна. Учир нь судлах шинжлэх зүйл олон, хугацаа давчуу тул амжихгүй гэжээ. Гэхдээ энэ шалтгаанаас илүү сонгуулиас өмнө улс төрчдийн тэр дундаа МАН-ын гишүүдийн нэр хүндийг унагаж, сонгуулийн дүнд нөлөөлж мэдэх асуудалд олны анхаарлыг төвлөрүүлэх шаардлагагүй гэж эрх баригч нам үзсэн бололтой. Тиймээс мартуулж байгаад сонгуульдаа орох нь.

Сануулбал, УИХ-ын чуулганы өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдрийн /2024.01.17/  хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тодруулбал, 318 төгрөгөөр 2023 онд авсан "Ногоон автобус"-ны худалдан авалтыг  шалгах "Хянан шалгах түр хороо"-г байгуулах үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Санал хураалтад 54 гишүүн оролцсоны 36 нь буюу 66.4 хувь нь дэмжсэнээр тогтоолын төслийг баталж, 

Түр хорооны гишүүдээр:

  • П.Анужин
  • Д.Батлут
  • Ж.Бат-Эрдэнэ
  • Ц.Даваасүрэн
  • Г.Тэмүүлэн
  • Ж.Батсуурь
  • Н.Ганибал
  • С.Одонтуяа, Т.Доржханд нарыг томилсон юм. 

Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 25-ны өдөр /2024.03.25/ тус түр хороо хуралдаж, хянан шалгагч, шинжээч нарыг томилоод  буй ч хаврын чуулганы хугацаанд уг асуудлаар сонсгол зохион байгуулж амжихгүй болсон нь нэгэнт тодорхой болжээ. Гэвч нөгөө талд "Ногоон автобус”-ны худалдан авалт тойрсон асуудлууд болон нийслэлийн нийтийн тээврийн бугшсан олон хэргүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар тэргүүтэй хүмүүст холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон ч ирэх тавдугаар сарын 20-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Иргэдийн зүгээс ч тэр уг асуудлыг шуурхайлахыг шаардаж байгаа гээд олон нийтийн анхаарлын төвд байгаа сэдэв юм. 

-Ц.ЦЭРЭНПУНЦАГ: ГАЗРЫН АСУУДЛААР СОНСГОЛ ХИЙЖ АМЖИХААРГҮЙ БОЛСОН-

Нөгөө талд Газрын асуудлаар сонсголыг яагаад ч амжихгүй болсон харин стратегийн одуудаар сонсгол зохион байгуулж магадгүй гэж УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг мэдэгдсэн. Угтаа бол Улаанбаатар хотын газрыг зарч, үрсэн асуудлаар Хотын үе, үеийн дарга нарыг захирамжийг хэлэлцэх байв. Засгийн газар өнгөрсөн жил “Шилэн” ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод олгогдсон газрын мэдээллийг ил болгосон. Тэрхүү мэдээллээр нийслэлийн хэмжээнд 1996 оноос хойш нийт 14484 аж ахуй нэгжид 564 мянган га газар олгогдсон байдаг.

  • Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан М.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар
  • Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
  • Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгосон байгаа юм.

Иймээс дээрх газрууд нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон газар уу, эсвэл хууль дүрэм зөрчиж олгогдсон уу гэдгийг эрх баригчид эргэн нягтлах байсан ч энэ асуудлыг ийнхүү хойшлуулжээ.