Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тун удахгүй Монголд ирэх мэдээлэл байна. Түүнийг авчрах асуудлаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, дэд дарга С.Баярцогт нар эрх баригч намын удирдлагуудтай тохирсон аж.
Ч.Сайханбилэгийн хувьд хамгийн сүүлд 2018 онд Монголд ирснээс хойш сураггүй болсон бөгөөд АНУ-д амьдарч байгаа. Түүнийг 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын Зэс корпорацид хууль зөрчиж буюу УИХ-аар хэлэлцүүлэлгүй худалдсан, 4.4 тэрбум ам.долларын өртөгтэй, Дубайн гэрээг байгуулахдаа “Оюутолгой”-гоос Монголын талын хүртэх ашгийг 2037 он хүртэл хойшлуулсан хэрэгт буруутгагдан хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм. Шалгалтын явцад тэрбээр гадагшаа гарсан бөгөөд 2018 онд ирж АТГ-т мэдүүлэг өгсөн байдаг.
Түүнтэй хамт шалгагдаж байсан С.Баярцогт яллагдсан ч гурван шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх цагаатгасан. МАН-аас С.Баяр хорих ял авсан ч магадлангаар суллагдахдаа 5.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хураамж төлж суллагдсан. Харин "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хувийн хэвшилд худалдсан хэргийг өнгөрсөн онд прокурорт буцаасан. Үүнд Ч.Сайханбилэгт хамаарах хэрэг ч бас багтсан билээ.
Дээрхтэй холбоотойгоор түүнийг интерполын хөх буланд эрэн сурвалжилж, "Шувуу" ажиллагааны хүрээнд авчрах хүмүүсийн нэгээр нэрлэж байв. Гэвч удалгүй түүний нэрийг хөх булангаас хассан нь удахгүй ирэх гэж буйтай нь холбоотой гэх мэдээлэл байна. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт орохдоо Ч.Сайханбилэгийг чиглэж буруутгаагүй бөгөөд зөвхөн Ц.Элбэгдорж гэх хүний шахалт, ятгалгаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Дубайн гэрээтэй холбоотой шийдвэрийг гаргасан гэх өнгө аясыг цухуйлгасан. Тиймээс түүнийг шалгаж дуусах процесс болон шийдвэр дээр хоёр намын удирдлагууд тохирсон талаар улс төрийн хүрээнд ярьж байна.