Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.04.04/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Тэрбээр энэ үеэрээ, "30 жилийн алдааг засаж, авлигатай нам харгалзахгүй тэмцэж, улс төрийн намууд, шүүх хүртэл тархан байршсан эрх ашгийн бүлэглэлтэй тулсаар өнөөдрийг хүрч байна. Монголчуудын газрыг нь, баялгийг нь, нийтийн өмчийг нь, нам, төрийг нь хэдхэн хүн хувьчлан авч, аалзны шүлс мэт хэрсэн авлигын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэж байна. Энэ бол мөсөн уулын дөнгөж орой хэсэг нь юм.
Баялаг тойрсон луйврын олон нийтийн мэдэх сэдэв нь Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет, Дархан төмөрлөг болоод түүний стратегийн ордууд, Оюутолгойн дубайн гэрээ ба 34 хувьд ноогдох 2,3 тэрбум ам.долларын асуудал. Тавантолгой компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг байсан билээ.
Эрдэнэтийн 49 хувийн луйвар таслан зогсоосноор улсад төвлөрүүлж байсан 962 төгрөг өнөөдөр 2 их наяд төгрөг болно гэдэг, мөн цар тахлын үед дулаан цахилгааны төлбөрийг төлөх хэмжээнд орлого давна гэдэг бүлэглэлд ямар их хэмжээний бүртгэлгүй мөнгө эргэж байсны энгийн нэг нотолгоо юм. Эрдэнэс тавантолгой компани ил тод болж, засаглал сайжирснаар 2023 онд 9,6 их наяд төгрөгийн орлого олж, 3,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 2022 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон. Энэ долоо хоногт 2023 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөг олгогдохоор болсныг Эрдэнэс тавантолгой компани мэдээлсэн. Улс төсвийн орлого ч анх удаа 4,6 их наяд төгрөгөөр даван биелж. Энэ нь төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, мөн нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж болж иргэдийн гар дээр очсон. Мөн валютын нөөц 5 тэрбум ам.доллар болж давна гэдэг бол ямар их хэмжээний далд эдийн засаг нуугдаж байсны бас нэг жишээ” гэж мэдэгдлээ.