УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тухай танилцууллаа.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Парламентын гишүүдийн тоо 126 болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын болон дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан. Хуулийн төсөл бэлэн болсон тул бүлгийн хурлаар хэлэлцэж зарим зарчмын асуудлыг тохирлоо. УИХ-ын болон дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж байна" гэв.
Хуулиудад орж байгаа өөрчлөлтийн тухай УИХ-ын гишүүн Н.Энхболд, "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. 95% ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл УИХ-д олонх болно. Сонгуулийн дараа УИХ үйл ажиллагаагаа эхлэхдээ дэгийн тухай хуулийг хэлэлцэх эрх нь нээлттэй. Найман Байнгын хороо 19 гишүүнтэй байсныг 25 болгоно. Байнгын хорооны хуралд 13 хүн орж, асуудлаа шийднэ. Нэг гишүүн хоёроос илүү Байнгын хороонд ажиллахгүй. 200 орчим хүн ажиллана. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд яаманд харьяалагддаг Байнгын хороонд орж ажиллахгүй. Нэг байнгын хороонд Засгийн газрын хоёроос илүү хүн оруулахгүй. Ингэснээр Засгийн газраас хамаарахгүй болно.
УИХ-ын гишүүдийн 32-аас дээш хүн санал гаргавал хянан шалгах Түр хороо байгуулна. Хуулийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө АН, ХҮН намд төслөө танилцуулж, санал солилцоно.
Нэг дор 3-4 хянан шалгах Түр хороо ажиллах зохицуулалтыг санал болгоно. Уг хороо нь олны анхаарлыг татсан асуудлыг хэлэлцэхдээ эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл байна гэж үзвэл шүүхэд очихоос өмнөх шатанд гишүүдийн саналаар шалгаад явах боломжтойгоор ажиллахаар болгох гэж байна. Гэхдээ хуулийн байгууллагад нөлөөлөхгүй. 12 болон түүнээс дээш гишүүн сонгогдсон бол нам, эвслийн бүлгийг байгуулна. Одоогийн хуулиар найман гишүүнтэй байж бүлэг байгуулдаг.
Мөн УИХ-ын дарга, гишүүний бүрэн эрхэд өөрчлөлт орохгүй. УИХ-ын даргын дэргэдэх даргын зөвлөл байна. Уг зөвлөл УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох эрхтэй. УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг хоёр тусдаа байхаар хуульд оруулна. УИХ-ын гишүүн хэрэгт холбогдлоо гэхэд байцааж, шалгах явцад саад тотгор болсон бол орон гэр, ажлын байранд нэгжлэг хийж, шалгаж болно. Харин шүүх дээр очоод гэм буруутай нь тогтоогдвол бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Эцсийн хэлэлцүүлгээр тодорхой болно. Халдашгүй байдлыг авсан, бүрэн эрхтэйгээ байгаа гишүүн хуралдаа суусан ч юмгүй, шүүхээр шийтгэл хүлээгээд байгааг зохицуулна" гэв.