Газар нутгийн 43 орчим хувийг эзэлдэг Говийн бүсэд МАН-аас Б.Дэлгэрсайхан, Ө.Золбаяр нар, АН-аас О.Баасанхүү, Р.Сэддорж нар нэр дэвшихээр горилж байна

Газар нутгийн 43 орчим хувийг эзэлдэг Говийн бүсэд МАН-аас Б.Дэлгэрсайхан, Ө.Золбаяр нар, АН-аас О.Баасанхүү, Р.Сэддорж нар нэр дэвшихээр горилж байна

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 26 /2024.06.24/-ны Лхагва гарагт зохион байгуулна. Энэ жилийн сонгуулийг холимог системээр бүсчилсэн том тойрогт явуулахаараа онцлогтой. Тодруулбал, УИХ-ын 78 гишүүн олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж сонгуулийн хуулинд заасан.

Тогтоолын төсөлд сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6 нийт 13 байхаар тусгасан юм. Isee.mn мэдээллийн сайт нь Баян-Өлгий аймаг болон нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт хэн, хэн нэр дэвших тухай мэдээллийг өмнө нь хүргэсэн.

-ГОВИЙН БҮСЭД НЭР ДЭВШИГЧИД 7 ТЭРБУМЫГ ЗАРАХ УУ -

Тэгвэл энэ удаа говийн бүс буюу Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-Сүмбэр аймагт нэр дэвшихээр горилж буй хүмүүс хэн байх тухай хүргэж байна. Энэ бол Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 43 орчим хувийг эзэлдэг, цэлгэр говийн иргэдийг төрийн эрх дээд байгууллагад төлөөлөх тухай агуулга юм. Тус бүсэд нэр дэвшигчдийн гол өрсөлдөөн эрх баригч МАН, АН-ын дунд болно. Учир нь ХҮН зэрэг бусад нам гишүүдээ говийн бүсэд нэр дэвшүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн энэ тойрогт нэр дэвшигчид 7 тэрбумыг зарцуулна гэх урьдчилсан тооцоолол байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-аас Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Ерөнхий аудитор асан Д.Занданбат, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Баянчимэг нар нэр дэвшихээр горилж буй аж.

Ташрамд дурдахад, МАН-аас нэр дэвшигчид 80 хувьтай тодроод байна. Ө.Золбаярын тухайд Цахилгаан системийн инженер мэргэжилтэй. TM телевиз, Ийгл телевизид мэдээний албаны дарга, тоймч, ахлах редактороор ажиллаж байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үеэс хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажилласан билээ.

Д.Занданбатын хувьд сонгуульд өрсөлдөхөөр хуулийн хугацаанд ерөнхий аудиторын ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрбээр Үндэсний аудитын газрын даргаар томилогдохоосоо өмнө Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 1991 оноос Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ажлын гараагаа эхэлж байжээ. Төрд 32 жил ажиллахдаа хөрөнгөжсөн гэх түүнийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлж байсан.

Харин "Мон уран"-ы Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг гишүүний тухайд нийслэлийн Баянзүрх дүүргээс УИХ-д хоёр удаа сонгогдон ажилласан бол энэ удаа тойргоо солих гэж байна. Тэрбээр тэсэрдэггүй, зориглодоггүй, хийдэггүй сул гишүүдийн нэг. Гэхдээ Дундговийг төлөөлж буй Г.Мөнхцэцэг нь түүнээс сул бөгөөд нам нь энэ удаа түүнд итгэл хүлээлгэх эсэх нь ч эргэлзээтэй байгаа юм. Дорноговийн “хаан” гэгдэх Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшингээ дагуулаад энэ удаа дахин өрсөлдөх нь. Т.Энхтүвшингийн хувьд Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, Б.Дэлгэрсайханы дэмжлэгээр хоёр дахиа нэр дэвших гэж байна. МАН-ын нэр дэвшигчид ирэх сарын 20-ны Бага хурлаар тодорхой болно. 

-АН-ААС О.БААСАНХҮҮ, Р.ЭРДЭНЭБҮРЭН НАРААС ГАДНА НЭГ ИХ ОЛОН ЗАСАГ ДАРГА НЭР ДЭВШИНЭ-

Харин Ардчилсан намаас Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга асан Р.Одсэр нар нэр дэвшихээр горилж байна.

Р.Сэддорж нь Тавантолгой компанийн захирлаар ажиллаж байсан. Үндэсний бөхийн аймгийн заан цолтой. Нүүрсний хэргээр шалгагдаж, шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан.

Харин хуульч өмгөөлөгч О.Баасанхүү нь хоёр удаа УИХ-ын гишүүнээр ажилласан. МАХН-аас АН-д ирсэн. Энэ утгаараа АН түүнийг Дундговь аймаг зэрэг говийн бүс рүү явуулах эсэх нь эцэстээ буцаж мэдэх ч тэрбээр эртнээс энэ тойргийг тойлж яваа юм. Дээрх хоёроос бусад горилогчид нь тухайн аймагтаа гэхээс олон нийтэд танигдсан хүмүүс биш. Энэ удаагийн сонгууль нь шинэ залуу хүмүүст халтай. Учир нь тэд том тойрогт өрсөлдөнө. Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан шиг танигдсан, мөнгөтэй хүмүүст ашигтай байж мэдэх сонгууль юм. Энэ утгаараа АН яг энэ хувилбараар нэр дэвшүүлбэл үр дүн нь санаа зовоож мэдэх л асуудал юм.