Н.Мандуул нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр томилогдсон ч "ONDO"-с гараагүй гэдгээ мэдэгдлээ

Н.Мандуул нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр томилогдсон ч "ONDO"-с гараагүй гэдгээ мэдэгдлээ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр Нямандэлэгийн Мандуулыг томилжээ. Энэ талаар Н.Мандуул өөрийн цахим хуудсандаа "Чадах зүйл дээрээ хотын асуудалд дэмжлэг үзүүлж ажиллана. Энэ хотод бид, бидний үр хүүхэд амьдарна. Шүүмжлээд хойш суухгүй. "ONDO"-с гараагүй гэдгээ энэ дашрамд хэлье" хэмээн бичжээ.

Н.Мандуул нь 2000 онд ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 2007 онд Соросын сангийн тэтгэлэгээр Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, 2014 онд АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэгээр АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн, англи, орос хэлтэй.

Тэрбээр, 2007-2008 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх, 2008-2012 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2013-2014 онд IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч, 2014-2018 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга, 2019-2020 онд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал, 2020-2021 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал, 2021 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга, 2021-2023 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, 2023 онд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны аравдугаар сараас ONDO Holding-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуул нь Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан туршлагатай. Мөн санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн юм.