Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт МАН-аас Н.Учрал, Г.Занданшатар, АН-аас Ч.Өнөрбаяр, Ц.Баатархүү нар нэр дэвших нь тодорхой болжээ

Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт МАН-аас Н.Учрал, Г.Занданшатар, АН-аас Ч.Өнөрбаяр, Ц.Баатархүү нар нэр дэвших нь тодорхой болжээ

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт зохион байгуулна. Энэ жилийн сонгуулийг холимог системээр бүсчилсэн том тойрогт явуулахаараа онцлогтой. Тодруулбал, УИХ-ын 78 гишүүн олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж сонгуулийн хуулинд заасан. Тогтоолын төсөлд сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6 нийт 13 байхаар тусгасан юм. Тэгвэл зургаан мандат бүхий  Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 10 дугаар тойрогт АН, МАН-аас хэн нэр дэвших тухай мэдээллийг хүргэж байна.

-Г.ЗАНДАНШАТАР БАЯНХОНГОРТ Х.БАТТУЛГАТАЙ ТААРАХГҮЙН ТУЛД ТОЙРГОО СОЛИВ УУ-

Эрх баригч МАН-аас энэ тойрогт нэр дэвшигчдийг ЦХХХ-ны сайд Н.Учрал ахалж орно. Түүний хувьд 2016 оноос хойш тасралтгүй Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон. Харин энэ удаа тойргоо сольж Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж өрсөлдөх нь. Эх сурвалжуудын хэлж буйгаар улсын хэмжээнд хийсэн судалгаагаар түүний рейтинг МАН-ын гишүүдээс хамгийн өндөр буюу 50 гаруй хувьтай байгаа гэх.  Тийм ч учраас аль ч намын боловсролтой, ёс зүйтэй нэр дэвшигчид өрсөлддөг тойрогт түүнийг баг ахлуулж оруулах нь.

 Мөн энэ дүүрэгт Н.Учралаас гадна нэг “сонин хүн” бий нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Тэрбээр мөн энэ удаа хөдөөгийн тойргоо хотынхоор сольж байна. Учир нь тэрбээр өнгөрсөн жилүүдэд өөрийн төрсөн нутаг Баянхонгорт нэр дэвшин, сонгогдсон. Харин Х.Баттулга АН-аас Хангайн бүсийг ахалж орох учир түүнтэй таарахгүй гэж ийнхүү тойргоо сольж буй тухай мэдээлэл байна. 

Н.Учрал, Г.Занданшатар дээр нэмэгдэж Сүхбаатар дүүргээс сонгогдон одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Д.Цогтбаатар нэр дэвших нь аль хэдийн тодорхой болжээ. Д.Цогтбаатар гишүүний хувьд одоо Хууль зүйн байнгын хороог ахалж ажиллаж байна. Эндээс харвал, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нарыг энэ тойргоос гаргаж байна. Сүхбаатар, Чингэлтэй тойрогт мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, намын хорооны дарга Н.Батсүмбэрэл, Хотын даргын орлогч О.Номинчимэг нар өрсөлдөхөөр тохирч байна. М.Оюунчимэг гишүүний хувьд Чингэлтэй дүүргээс гурван удаа дараалан сонгогдсон. Энэ дүүрэгт хамт нэр дэвшиж ялалт байгуулсан Т.Аюурсайхан, Ж.Сүхбаатар нар нь яллагдагчаар татагдан шалгагдаж буй учир тэдний оронд Н.Батсүмбэрэл, О.Номинчимэг нартай өрсөлдөх нь.

-Ч.ӨНӨРБАЯР, СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Л.БОЛОРМАА, И.МӨНХЖАРГАЛ, Ц.БААТАРХҮҮ НАР ЭНЭ ТОЙРОГТ НЭР ДЭВШИНЭ -

 Харин Ардчилсан намаас Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хуульч, Ч.Өнөрбаяр, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын тэргүүлэгч асан Д.Бадарсан, НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү /эсвэл Д.Сүндийгийн эхнэр Х.Ундрах/, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Л.Болормаа, И.Мөнхжаргал, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар дэвшихээр яригдаж байна. Ч.Өнөрбаярын хувьд өмнөх сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байсан. Түүнд жагсаалтад орох боломж бий ч тэрбээр тойрогт өрсөлдөх нь.

Хуульч мэргэжилтэй, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх байсан. Энэ утгаараа хууль тогтоох дээд байгуулагад ажиллахад хамгийн боломжит хувилбар.

Харин Б.Хурц нь 2021 оны гуравдугаар сард УДШ-ээс 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлж байв. Гэвч гуравхан сарын дараа буюу 2021 оны зургаадугаар сард Ерөнхийлөгч асан Х.Баттулгын уучлалаар суллагдсан билээ. Ц.Баатархүүгийн хувьд Чингэлтэй дүүрэгт өмнө нь нэр дэвшиж байсан туршлагатай. Ташрамд дурдахад, МАН-ын нэр дэвшигчид 80 хувьтай тодорчээ.