УИХ-ын 2024 оны сонгуулийг холимог системээр 13 бүсчлэлд хувааж, 78 гишүүнийг тойргоос, парламентын 48 гишүүнийг нь намын жагсаалтаас сонгох юм. Тодруулбал, Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг нийлүүлж, УИХ-ын сонгуулийн нэг бүс болгосон. Ингэснээр тус тойрогт нэг улс төрийн намаас нийт зургаан хүн нэр дэвшиж өрсөлдөнө.
Иймд өчигдөр /2024.03.19/ Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын хороод хамтран хуралдаж, энэхүү арга хэмжээгээ "Бүтэн ардчилал" хэмээн нэрлэжээ. Улмаар тус арга хэмжээнд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшихээр горилж буй эрхмүүд оролцсон байна. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайхан, Сүхбаатар дүүргийн засаг дарга асан н.Бадарсан, Өвөрхангай аймгийн АН-ын дарга асан И.Мөнхжаргал нар оролцсон байна. Учир нь эдгээр эрхмүүд УИХ-ын 2024 оны сонгуульд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшин өрсөлдөхөөр горилж байгаа ажээ.