Д.Амарбаясгалан: Хилийн цаана нэг кг гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2600-3000 төгрөгөөр зарагдаж байна

Д.Амарбаясгалан: Хилийн цаана нэг кг гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2600-3000 төгрөгөөр зарагдаж байна

УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Импортын улаан буудай, гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

ҮЗЭХ: 

Энэ үеэр Д.Амарбаясгалан "ШӨХТГ-ын мэдээлэл дээр үндэслээд үнийн зохиомол хөөрөгдөл бий болгосон гэж акт тавьсан. Акт тавьсны дараа "Алтан тариа" компанийн захирал П.Цэнгүүн "Тавьсан актын чинь төлбөрийг гурилынхаа үнийг нэмж гаргаж авна" гэж хэвлэлээр дапаалсан. Ингэж давартлаа томорсон. Монголын төрийг ард түмэнтэй нь дарамталж байна. Бүх шатандаа хөнгөлөлттэй зээл, дэмжлэг авч үйлдвэрлэл хийчихээд дэлхийн зах зээлээс гурав дахин өндөр үнээр гурил зарж байгаагаа гавьяа байгуулж байгаа мэт ойлгуулж, асуудал шийдвэрлэж, төр шийдвэр гаргах гэхээр бойкот хийдэг байдал гурил үйлдвэрлэлийн салбарт нэгэнт тогтсон байна. Тиймээс Засгийн газар энэ байр сууриасаа ухрахгүй. Гурилын үнэ зүй ёсныхоо нэмэгдлээс халиад явсан. ШӨХТГ -аас үнийн асуудал дээр удаа дараа шалгалт хийж, үгсэн хуйвалдаж үнээ үндэслэлгүй нэмсэн гэдгийг тогтоож, акт тавьсан. Шүүх дээр шийдэгдэлгүй жил орчмын хугацаа өнгөрч байна. Цаашдаа энэ салбарын монополийн асуудал ШӨХТГ -аас тавьж байгаа актын хэмжээнд шийдэгдэхгүй болсон нь тодорхой болсон. Төр нэг талдаа стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаар гурил, улаан буудай зэрэгт нэг талдаа хамгаалалт нөгөө талдаа дэмжлэг үзүүлээд явахаар монополь тогтсон.

Хилийн цаана нэг кг гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2600-3000 төгрөгөөр зарагдаж байгаа нь хиймэл үнийн өсөлт гэдэг дүгнэлт гарсан.

Улаанбуудай нэг тонн нь 100 ам.доллараас 200 ам.долларын хооронд байгаа. 200 орчим ам.долларт барьж байгаа улаан буудайн өртөг гурил болохоороо нэг кг нь 2600-3000 төгрөг болтлоо өсч байгаа нь зүй бус гэж Засгийн газар үзсэн. Гурилын үнийг чөлөөт өрсөлдөөний зарчмаар бодит үнэ дээр авчрах зорилгоор Засгийн газраас улаан буудай болон гурилын импортын татварыг чөлөөлөх, ингэхдээ хэмжээ тавихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Тариаланчдын эрх ашгийн асуудал хөндөгдөж байгаа. Олон улсын жишгээр тариаланчдыг нэг бол дэмждэг, нэг бол хамгаалдаг. Монгол Улсын хувьд тариаланчиддаа дэмжлэг үзүүлдэг, хамгаалдаг. Гэвч хоёулаа үр дүнг бүрэн дүүрэн өгдөггүй учраас тариаланчдын бизнесийг хамгаалах бодлого баримтална. Хамгаалалт гэдэг нь нэг талдаа үнийн эрсдэлээс хамгаална. Буудайн үнэ нь зах зээлийн үнээс доогуур орж эрсдэл учирвал нөхөн олговор олгодог, байгалийн гамшгийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж эрсдэл учирвал төр хамгаалах бодлого барина. Үнэ нь ард түмний амьдралд дарамт учруулахгүй байх ёстой гэдэг бодлого барьж ажиллаж байна. Ногоочдод зориулж 3-5 хувийн хүүтэй хөтөлбөр хэрэгжсэнээр амьжиргааг нь дэмжсэн бодлого болсон. Засгийн газрын хувьд цаашдаа зөвхөн ногоочдод гэхгүй бичил бизнес эрхлэгчдийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр дэмжих бодлогыг үргэлжлүүлнэ" гэлээ.