Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник 2024 оны 03 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Беларусь Улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгч нар дагалдана. Айлчлалын үеэр тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Төр, засгийн удирдлагад бараалхана. Мөн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр уулзалтууд хийхийн зэрэгцээ, Онцгой байдлын ерөнхий газарт зочилж, хоёр тал хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцана.
Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад 28 жилийн дараа хийж буй 2 дахь удаагийн айлчлал бөгөөд 1996 онд Гадаад хэргийн сайд В.Л.Сенько Монгол Улсад анх айлчилж байсан.