Куала Лумпураас оргон зугтсан бизнесмен Лоу Тэк Жотой холбоотой гэгддэг "Muraset Limited" компани 2011 оны арванхоёрдугаар сард SRC International BVI BSI банкнаас 15 сая ам.доллар авсан хэмээн тус улсын Дээд шүүх дүгнэсэн байдаг.
"Muraset Limited" банкнаас зээлсэн 14.9 сая ам.долларыг Монгол Улсын Ерөнхий сайд асаны хүү болон зарим улстөрчид рүү хуваан шилжүүлсэн талаарх баримтыг Малайз Улсын шүүхээс ил болгожээ. Тодруулбал, 2010 оны гуравдугаар сард Британийн Виржиний арлуудад (BVI) байгуулагдсан “Мурасет” гэх хувийн хязгаарлагдмал компани 2011 оны арванхоёрдугаар сарын 27-нд монгол улстөрчид рүү мөнгө шийлжүүлсэн талаарх баримтыг Британийн санхүүгийн мөрдөн байцаах шинжээч Анжела Баркхаус өчигдөр /2024.03.13/ Дээд шүүхэд мэдэгдэж, ил болгожээ. Мөн мөрдөлгийн явцад Ерөнхий сайд асан Сү.Батболд "Мурасет" компанийг өөрийнхөө хувьцаа эзэмшдэг, BVI-д бүртгэлтэй "Grandcastle Assets Limited" компаниар дамжуулан хянадаг байсан нь тогтоогдсон байна.
“Мурасет” компаниас монголын улс төрчид рүү мөнгө шилжүүлэхдээ Дашийн Уранбилэг гэх хүнд хоёр сая ам.доллар, Сү.Батболдын хүү Б.Баттүшигт 40 мянган ам.доллар, Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Мурасет компанийн захирал Чон Чу Ян руу 4.5 сая ам.долларыг, Чон Чу Яны гэргий Ким Хак Сон руу 1.4 сая ам.доллар шилжүүлсэн шилжүүлсэн талаар Их Британийн санхүүгийн гэмт хэргийн эксперт Анжела Баркхаус тогтоосон байна. Үүнээс гадна Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшдэг "Infinite Properties Limited" компанид 4.54 сая ам.доллар, "Bophut Investments Limited" компанид 2.5 сая ам долларыг тус тус шилжүүлжээ.
SRC International компаниас тухайн үед шилжүүлсэн өөр хэсэг мөнгө одоо олон улсад эрэн сурвалжлагдаж буй санхүүч Жо Лоутай холбоотой компанийн дансанд орсныг Баркхаус бас мэдээлсэн байна. Жо Лоу нь 1MDB компанид албан тушаал хашдаггүй ч Нажиб Разакын засгийн газрын үед тус компаниас $4.5 тэрбумыг луйвардсан хэрэгт буруутгагдаад буй хүн юм. SRC компанийн шинээр томилогдсон удирдлага 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр ерөнхий сайд асан Нажиб Разакын эсрэг гомдол гаргасны дагуу дээрх шүүх хурал үргэлжилж байна.
Эх сурвалж: New Straits Time