Засгийн газрын өнөөдрийн хуралдааны зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Улсын хэмжээнд ойролцоогоор дөрвөн сая орчим мал хорогдоод байна. Харин үхсэн малын сэг зэмийг нийслэлд оруулж, хэрэглээнд нэвтрүүлэх ямар ч боломжгүй. Энэ талаар цагдаа тагнуулын болон холбогдох албаныхан хяналт тавин ажиллаж байгаа. Цас их орсны улмаас зам даваа хаагдаж явах боломжгүй байсан бол цаг агаар дулаарч цас хайлснаар малын хэвтэр бууц норох, усанд автах эрсдэл байна. Ахуйн асуудал хүндэрч, амь нас, эрүүл мэндээ хамгаалах шаардлага үүсээд байна.
Улсын хэмжээнд шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна. Нийслэлд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2300 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд байна. Энэ айлуудыг нүүлгэн шилжүүлэх, техник хэрэгслийг сайжруулах ажил хийнэ" гэлээ.