Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 3-р сарын 1-8-ний өдрийг дуустал эмэгтэйчүүдийн цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч Х.Номингэрэл, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Р.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
ҮЗЭХ:
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан "Манай холбоо нь Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 1-нээс эхлэн цуврал арга хэмжээ зохион байгуулж байна. Эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлд тулгарч байгаа иргэдийн санал бодлыг сонсох, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тодорхой санал тусгах, эрх баригчдад тодорхой санал хүргэх зорилгоор энэхүү эмэгтэйчүүдийн 7 хоног арга хэмжээг төлөвлөсөн. Өнөөдөр Монголын нийгэмд амьдрал хүнд байна. Эмэгтэйчүүд ажлын ачааллыг нуруундаа үүрсээр ирсэн. Боловсрол, эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүд гүйцэтгэх төвшинд маш их ачааллыг үүрч ирсэн. Үнийн өсөлт эмэгтэйчүүдэд маш хүнд сэдэв болоод байна. Удахгүй УИХ-ын сонгууль болно. УИХ-ын сонгуулийн дараагаас эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа. Олон улсад уул уурхайн түүхий эдийн үнэ унах төлөвтэй байна. Түүнээс сэргийлэхийн тулд урьдчилсан байдлаар бодлого шийдвэрээ гаргаж, иргэдийн орлогыг дэмжих шаардлага үүсч байна.
Үндэсний аудитын газар хоёрдугаар сарын 29-нд УИХ-ын сонгуулийн зардлын дээд хэмжээг зарласан. Нэг тойрогт нэр дэвшигч 1 тэрбумаас дээш төгрөгийн зардал гаргахаар байгаа. Энэ зардал эмэгтэй нэр дэвшигч нарт хүнд тусна. Тиймээс АЭХ нь эмэгтэй нэр дэвшигчдийн оролцоог мөнгө санхүүгийн хүчин зүйлээс ангид байлгах зоргилгоор улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих сан байгуулахаар болсон. Дэмжигчдээсээ их бага хэмжээгээр хандив цуглуулж эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжин, санхүүжүүлэх зорилго тавьсан. Түүнчлэн Ардчилсан намаас маргааш буюу гуравдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбайд 14.00-16.00 цагийн хооронд тайван цуглаан зохион байгуулах юм байна. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Ардчилсан намын есөн дүүргийн гишүүд, эмэгтэйчүүдийн байгууллага, залуучуудын байгууллага, ахмадын байгууллага оролцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийттэйгээ хэлэлцэнэ" гэлээ.