Гадаадад байгаа иргэд санал өгөхөө Дипломат төлөөлөгчийн газартаа мэдэгдэнэ

Гадаадад байгаа иргэд санал өгөхөө Дипломат төлөөлөгчийн газартаа мэдэгдэнэ

УИХ-ын ээлжит сонгуулиар гадаадад байгаа иргэдээс 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар тогтоосон. 
 
Тэгвэл дэлхийн 172 улсад 141 мянга гаруй монгол иргэн оршин суудаг гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Тэдгээр иргэн санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө буюу энэ оны зургадугаар сарын 15-аас өмнө сонгуульд оролцох хүсэлтээ гаргах юм байна. Тодруулбал, тухайн иргэн өөрийн оршин суугаа улсын Дипломат төлөөлөгчийн газар (манай улсын Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар)-т мэдэгдэж, бүртгүүлэх юм байна. Улмаар санал авахаар товлосон өдрийн 07.00-22.00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгөх боломжтой аж. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг төв болон салбар комисс зохион байгуулж ажилладаг. Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан төв комиссыг, төв комисс нь салбар комиссыг Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулахаар хуульчилсан. 
 
Цаг хугацааны хуваариар Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны дөрөвдүгээр сарын 21-нээс өмнө Гадаад харилцааны яамны саналыг харгалзан гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван нэгэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах юм. Мөн төв комисс 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс өмнө салбар комиссыг дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулах юм. Манай улс УИХ-ын 2012 оны сонгуулиас эхлэн гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг авсан туршлагатай. Тухайлбал, УИХ-ын 2012 оны сонгуульд 39 салбар комисст 4276 сонгогчийн нэр бүртгэгдсэнээс 65 хувь нь саналаа өгчээ. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар 45 салбар комисст 7400 шахам сонгогч бүртгүүлснээс 75.3 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн тоон баримт байна.