Засгийн газар хуралдаж, шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр зудад нэрвэгдсэн малчдад авах арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Цас зудын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар зарим асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хоёрдугаар сарын 14-нд хуралдсан засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, улс орон даяар шуурхай арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан УОК-оос 30 тэрбум төгрөгийг засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж, малчдад хоол хүнс, эм тариа мөн өвс тэжээллийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргаж, өнгөрсөн долоо хоногт засгийн газрын зургаан баг орон даяар ажиллаж, дараах асуудлуудыг хэлэлцлэн шийдвэрлэлээ.
Нэгдүгээрт, Эхний ээлжинд ХХААХҮ-ийн яамны дэргэдэх тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг малчдад дэмжлэг болгож үнэ төлбөргүй хүргэж өгөхөөр шийдвэрлэлээ. Ингэхдээ төмөр зудтай байгаа сум болгонд 150 тонн тэжээл, цагаархуу зудын нөхцөл байдалтай байгаа сум болгонд 75 тонн тэжээлийг хүргэж өгөх ажлыг зохион байгуулна. Бидний тооцооллоор нэг айлд таван шуудай тэжээлийг хүргэж өгөх юм.
Хоёрдугаарт, малчдад хоол тэжээл өгөх асуудалд улсын төсвөөс таван тэрбум төгрөгийг зориулна. Малчин өрх тус бүрт 10 кг гурил, 5 кг цагаан будааг хүргэх шийдвэрийг гаргасан бөгөөд УОК, аймаг сумдын удирдлагууд хамтран зохион байгуулна.
Гуравдугаарт, Малчдын зээлийн асуудлыг хэлэлцлээ. Малчид зээлийг тэглээд өгөөч гэхээсээ илүүтэй зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг ихээр тавьсан. Иймд Засгийн газар хэлэлцээд зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүгийн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэлээ. Зээлийг хойшлуулж байгаа тул арилжааны банкуудад хүүгийн хуримтлал үүснэ. Үүнтэй холбогдуулан зээлийн хүүгийн зургаан хувийг малчид өөрсдөө, үлдсэн хувийг нь засгийн газраас төлнө. Малчдын зээлийн хүү дунджаар 20.5 хувьтай байгаа бол зээлийн хэмжээ дунджаар 10 сая төгрөг байна. Улс орон даяар малчдын зээлийн хэмжээ нийт 1.3 их наяд байгаа бөгөөд түүнд хуримтлагдах хүү нь 280 орчим тэрбум төгрөг байна. Үүнээс малчид өөрт оногдож байгаа зугаан хувийн хүүг төлж, үлдэгдэл 220 орчим тэрбум төгрөгийг засгийн газар хариуцаж төлнө" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: