Сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт хүргүүлнэ

Сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт хүргүүлнэ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй. 

Аудитын газраас мөрийн хөтөлбөрт хориглосон заалт байгаа эсэх, зорилт арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардал нь төсвийн хуульд нийцсэн эсэх зэрэг дөрвөн стандартын дагуу шалгах юм байна. Хэрвээ мөрийн хөтөлбөр нь шаардлага хангаагүй бол тав хоногийн дотор зөрчлийг арилгуулж, дахин дүгнэлт гаргах аж.

Өнөөдрийн байдлаар улс төрийн 37 нам Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт орон даяар зохион байгуулахаар товлосон билээ.