Даваа гарагт товлогдож, гишүүд нь цугласан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн /НИТХ/ ээлжит бус хурлаар “Нийслэлийн 2024 оны төсөвт тодотгол хийх” асуудлыг хэлэлцэхээр байсан ч Хотын дарга Х.Нямбаатар түүний орлогч П.Сайнзориг нар хоёр өөр дүнтэй төсвийн төслийг танилцуулснаас болж хойшлуулсан. Нийслэлийн 2024 оны нийт төсөв 3.1 их наяд гаруй төгрөг.
Хотын удирдлагууд энэ дүнг 371 эсвэл 399 тэрбум төгрөгийн аль нэгээр нэмэгдүүлж, төсөвт тодотгол хийх саналыг батлуулахаар НИТХ-рүү оруулсан ч “Яг аль дүн нь юм бэ. Үүнийгээ тодорхой болгоод оруулж ир” хэмээх НИТХ-ын төлөөлөгчдийн шүүмжлэлтэй тулснаар энэ пүрэв гарагт дахин хэлэлцэхээр товлосон юм.
-ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР, П.САЙНЗОРИГ НАР ХОЁР ӨӨР ДҮНТЭЙ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ДӨРВӨН ӨДРИЙН ЗАЙТАЙ ОРУУЛЖ ИРСЭН НЬ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ШҮҮМЖЛЭЛИЙГ ДАГУУЛЖ БУЦААГДАВ-
Тодруулбал, Х.Нямбаатар, П.Сайнзориг нар дөрвөн өдрийн зөрүүтэй 371, 399 гэсэн хоёр өөр дүнтэй төсвийн төслийг НИТХ-д хүргүүлсэн байгаа юм. Өргөн барьсан төсвийн төслөөс анхаарал татаж буй нэг асуудал байгаа нь торгуулийн орлогоос 213 тэрбумыг олно хэмээн тооцжээ. Энэ бол иргэдийг торгож олох мөнгө гэсэн үг.
Өөрөөр хэлбэл,
- Газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулж 50 тэрбум төгрөг олохоор төсөөлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Яармаг орчимд газар зарж энэ хэмжээний мөнгийг олох нь. Энэ бол татварын орлого.
Харин татварын бусаар
- Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж 1 тэрбум төгрөг
- “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу сангийн эх үүсвэрийг 1 тэрбум төгрөг
- Татварын өргөтгөсөн бааз суурийг ашиглан томоохон аж, ахуйн нэгжийн хяналт шалгалтыг сайжруулан татварын орлогын ногдол төлөлт, дутуу төлөлтийн нарийвчилсан судалгааг гарган орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, хүү торгуулийн алданги өр, төлбөрийг барагдуулах тал дээр тодорхой ажил зохион байгуулж ажилласнаар төсөвт төвлөрөх хүү, торгуулийн орлогыг 43.4 тэрбум төгрөг
- Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн НЗДТГ-ын төсөвт байгууллагын өөрийн орлогын төлөвлөгөөг 3 тэрбум төгрөг
- Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/303 дугаар тушаалаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын бүтцэд өөрчлөлт орж, 6 дүүргийн харьяанд байсан Замын цагдаагийн хэлтсүүдийг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт шилжүүлсэнтэй холбогдуулан 5 тэрбум төгрөгийн хүү торгуулийн орлогын төлөвлөгөөг Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас хасч, Тээврийн цагдаагийн албаны төлөвлөгөөнд тус, тус шилжүүлж орлогыг бүрдүүлнэ гэжээ.
-БҮРДҮҮЛСЭН ОРЛОГООРОО ГАНДАНГИЙН СУРГУУЛЬ, ХОТЫН ГУДАМЖУУДЫН ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ БОРЖИН ЧУЛУУГААР СОЛИХ ЗЭРЭГ АЖЛЫГ ХИЙНЭ-
Эдгээрээс бүрдүүлсэн орлогоороо
- Метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын холбогдох тооцоо, судалгаа, үнэлгээг хийх ажилд 6 тэрбум
- Нийслэлийн хэмжээнд улсын сургууль, цэцэрлэггүй томоохон хорооллуудын төлөвлөлтийн алдааг засах, нягтаршил ихтэй тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэг шинээр барихаар төлөвлөж, 2024 онд 17 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Мөн Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн сургуулийн барилгын өргөтгөлийн ажилд 5 тэрбум төгрөг, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажил 4.8 тэрбум төгрөг
- Хотын төвийн гудамжуудын явган зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн боржин чулуугаар тохижуулах ажилд 6 тэрбум
- Урт цагааны гудамж болон 32 ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн тохижилт, ногоон байгууламжийг бий болгох хүрээнд нийт 60.7 тэрбум
- Газар чөлөөлөлт, нөхөх олговрын зардалд нийт 50 тэрбум төгрөг
- Гудамж, хорооллын дундах авто зам, замын байгууламжийн төсөл арга хэмжээнд 8 тэрбум
- Нутгийн захиргааны байгууллагуудын тоног, төхөөрөмж шинэчлэх хүрээнд 1 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээг цахимжуулах төсөл, арга хэмжээнд 14.2 тэрбум
- Багахангайн үйлдвэрлэл технологийн паркийн цахилгааны хангамжийн ажил, 35 кв 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажилд 8 тэрбум зэргийг зарцуулах аж.