Цахимаар авах боломжтой төрийн үйлчилгээний талаар мэддэггүйгээс болж албан байгууллага руу биечлэн очиж, цаг хугацаа алдах тохиолдол их байдаг.Төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа ч бид ашиглах нь бага байна гэсэн үг.
Тиймээс иргэн, ААН-д үзүүлэх төрийн цахим үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой "Ухаалаг засаг-2" төслийг /2024.02.20/өнөөдрөөс эхлүүллээ. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж хүн төвтэй, иргэндээ ээлтэй үйлчилгээг стандартад нийцүүлэх төсөл гэж ойлгож болно. Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсвийн зардлыг хэмнэнэ.
Зорилтот бүлгийн 13 мянган иргэний цахим ур чадварыг 30 хувиар нэмэгдүүлэх бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байна. Дижитал технологид суурилсан 3000-аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлнэ.
Өнгөрсөн хугацаанд төслийн удирдах хороог байгуулан, 2024-2025 онд хэрэгжих арга хэмжээний төлөвлөгөөг батлуулж, Дэлхийн банк болон үр шим хүртэгч байгууллагуудтай хамтран нийт хэрэгжүүлэх 45 төсөл арга хэмжээнээс 31 төсөл хэрэгжиж эхлэх бэлтгэл хангасан.
Цаашид цахим шилжилтийг эрчимжүүлж, экосистемийг бэхжүүлэх замаар цахим эдийн засгийг тэлж, улс орны эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх Mining to Mind бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд бид гарааны бизнесийн орчныг сайжруулж, чадварлаг хүний нөөц бэлтгэж, төлбөр тооцооны гарцыг төрөлжүүлэх төдийгүй цахим худалдааг дэмжиж ажиллана.
Дотоодын төдийгүй олон улсын тавцанд өрсөлдөх чадавхтай технологийн бизнесүүдийг дэмжих чиглэлээр Цахиурын хөндийд Silk Road Innovation Hub хурдасгуур байгуулж, эхний 8 компаниа байршуулж эхэлсэн. Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлага өндөр байна. Манайх шиг өргөн уудам нутагтай, харилцаа холбооны дэд бүтэц сайн тавигдсан улсад цахим орчинд ажил хөдөлмөр эрхлэх ур чадвар, боломжийг олгох нь мэдээллийн технологийн ашиг тусыг хүртээмжтэй болгох замаар ядуурлыг бууруулах, нийгмийн хөгжлийг тэгшитгэх том хөшүүрэг болно” гэлээ.