Монгол Ардын нам нь /МАН/ 2021 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хуралдсан / XXX Их хурлаараа Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, 4.8. "Намын гишүүн нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй" гэх заалтыг нэмсэн.
Гэтэл өнгөрсөн хугацаанд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банк, "Нүүрсний хулгайн хэрэг" зэрэгт нэр холбогдсон тус намын аль ч гишүүний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, хуулийн болон улс төрийн хариуцлага хүлээсэнгүй. МАН ч тэднийг намын гишүүнээс нь түдгэлзүүлж байгаад шалгуулсангүй эсрэгээрээ толгойг нь илж өнөөдрийг хүргэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэргээр анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял сонссон ч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй тул одоогоор цагдан хоригдоогүй байгаа юм. Тэрбээр одоогоороо МАН-ын гишүүн хэвээр байна. Мөн нүүрсний хэргээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 3 жил, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 5 жилийн хорих ялыг шүүхээс сонссон. Тэднийг мөн л МАН-ын гишүүнчлэлээс нь хасаагүй байна. Улмаар Боловсролын сангийн зээлийн асуудалд Б.Энхбаяр, С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын Засгийн газрын зарим гишүүд ч нэр холбогдсон. Мөн Хөгжлийн банкны хэрэгт Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат нар нэр холбогдсон ч МАН-ын дүрэмд заасны дагуу арга хэмжээ авсангүй.
Үүнд шүүмжлэлтэй ханддаг МАН-ын зарим гишүүд өнгөрсөн сарын 23-ны өдөр дээрх гишүүдэд хариуцлага тооцохыг шаардсан бичгийг иргэдийн гарын үсгийн хамтаар /2024.01.23/ намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар нарт хүргүүлсэн. Хэрвээ шаардлагын дагуу арга хэмжээ авахгүй бол тэд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ хүртэл илэрхийлсэн юм.
Тэгвэл тэдний шаардлагын дагуу өнөөдөр /2024.02.19/ МАН-ын Хяналтын хороо хуралдах аж. Хуралдаанаар тодорхой шийдвэр гаргаж, шаардлагад хариу өгнө гэх мэдээлэл байна. Өнгөрсөн хугацаанд МАН-ын Хяналтын хороо нь хэрэгт холбогдсон гишүүдээ дуудаж уулзан, мэдээлэл сонссон аж. Энэ бүхний дүнд өнөөдөр тодорхой хариу гаргах бололтой.
Дөрвөн сарын дараа УИХ-ын сонгууль болно. Үүнээс өмнө МАН хулгай, хууль зөрчсөн асуудалд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцох уу эсвэл бүр мандат өгөөд УИХ-ын гишүүн болгох уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Ташрамд дурдахад, МАН-ын Хяналтын хороо нь хараат бусаар ажиллах үүрэгтэй юм.