УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын тухай хуулиас 12.1.1 буюу Газар эзэмших, ашиглах заалтыг бүхэлд нь авч байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "2013 онд батлагдсан "Газрыг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах тухай хууль"-ийг хүчингүй болгох санал, санаачилгыг иргэн Номун-Эрдэнэ d.parliament.mn хаягт байршуулсан. Уг санаачилгыг долоо хоногийн дотор 100 мянга гаруй иргэн дэмжиж гарын үсэг зурсан.
УИХ-ын Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн санал, санаачилгыг заавал авч хэлэлцэх, холбогдох байгууллагад уламжлах хуультай. Ингээд УИХ-аас иргэн Номун-Эрдэнийн санал, санаачилгыг дэмжээд, Хөрөнгө оруулалтын тухай хуульд орсон "Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлэх" тухай заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулаад УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Байнгын хорооны бүх дарга нар дэмжсэн. Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл байдлыг хангаад байна. Үүнтэй холбоотойгоор Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг зайлшгүй шалгах шаардлага байна гэж үзэж байна. Зарим иргэд 0.07 га газраа авч чадахгүй байхад гадаадын иргэд 100 жилээр газар эзэмших асуудлыг хөндөж байна. Өмнөговьд ийм асуудал гарсан. Газрыг танил тал, эрх мэдэлтэй нь аваад байгааг шалгах Хяналт, шалгалтын түр хороо, ажлын хэсгийг байгуулж байна. Уг асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нэгдмэл байр, суурьтай байгаа" гэлээ.
ҮЗЭХ: