Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2024 оны хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь удаагийн бага хуралд оролцож байна.
Анхдугаар бага хурлыг 60 жилийн өмнө буюу 1963 онд зохион байгуулснаас хойш оролцогчдын тоо жилээс жилд өсөж, эдүгээ төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, цэрэг, батлан хамгаалах салбарын удирдлага, олон улсын байгууллагын тэргүүн, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын олон зуун төлөөлөгчийг урьж оролцуулан, олон улсын аюулгүй байдлын бодлогын талаар хэлэлцдэг дэлхийд тэргүүлэх чуулган болж өргөжсөн.
Энэ удаагийн бага хурлын үеэр олон улсын засаглал, тогтолцоо, зэвсэгт мөргөлдөөн, олон улсын аюулгүй байдлыг хангах асуудал эмэгтэйчүүдийг гүйцэтгэх үүрэг, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хөгжил болон хиймэл оюун ухаан, худалдаа, олон улс болон бүс нутгийн сорилтуудыг даван туулах арга зам зэрэг асуудлаар оролцогчид ярилцаж, санал солилцоно.