ШУУД: "Малчдадаа туслах аяныг улсын хэмжээнд зохион байгуулна" гэж УОК-оос мэдэгдлээ

ШУУД: "Малчдадаа туслах аяныг улсын хэмжээнд зохион байгуулна" гэж УОК-оос мэдэгдлээ

Улсын онцгой комисс /2024.02.15/ өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Улсын комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцуулж байна. 

ШУУД:

Тэрбээр энэ үеэр " Улсын онцгой комиссоос өвөлжилтийн нөхцөл байдлын Засгийн газарт танилцуулж, бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Өнөөдрийн хуралдаанаас хэд, хэдэн шийдвэрийг гаргалаа. 

  • НЭГДҮГЭЭРТ, Малчдадаа туслах, дэмжих аяныг улсын болон олон улсын хэмжээнд зарлаж байна. Уг арга хэмжээнд аж, ахуй нэгж, иргэд оролцож хүнд нөхцөл байдлыг даван туулах шаардлага байна гэж үзсэн. Энэ хүрээнд Засгийн газраас ч тодорхой шийдвэрүүдийг гаргасан.
  • ХОЁРДУГААРТ, Аймаг, сумдын онцгой комисст шаардлагтай дэмжлэгийг үзүүлж, шуурхай удирдлагаар хангах бүлгүүдийг зуд болсон аймагт томилж ажиллуулна.  
  • ГУРАВДУГААРТ, Өвс тэжээл, бензин шатахууныг улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр аймаг, орон нутгуудад нийлүүлнэ. 
  • ДӨРӨВДҮГЭЭРТ, Цасанд боогдсон зам давааг чөлөөлөх, айл өрхүүд рүү хүрэх зам харгуйг гаргаж, хүнс, өвс тэжээл, эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай хүргэх ажлын хүрээнд хүн хүч, хэрэгслийг нэмэлтээр дайчилж Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн алба хаагчид төрийн бусад байгууллагын албан хаагчдын оролцоог хангана. 
  • ТАВДУГААРТ, Зудад нэрвэгдэн малаа алдаж амьжиргааны эх үүсвэрээ алдаж амьдрал ахуй нь доройтсон айл өрхүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээг шуурхай үзүүлнэ. Тухайн айл өрхүүдийн хүүхэд багачуудын цэцэрлэг сургууль, эрүүл мэндтэй холбоотой гарч болзошгүй эрсдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын, Хүнс хөдөө аж, ахуйн сайд болон бусад албан тушаалтанд даалгалаа. Малгүй, ажлын байргүй болсон өрхүүдийг малжуулах арга хэмжээг мөн авна. Ажилгүйдэл, эрүүл мэндийн эрсдлийг бий болгохгүйн тулд тус арга хэмжээг авах юм.  
  • ЗУРГААДУГААРТ,  Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх зайлшгүй шаардлага байна. Мялзан, хонины цэцэг өвчин дэгдэх эрсдэлтэй нөхцөл байдал зарим нутагт бий учраас Хүнс хөдөө аж, ахуйн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв зэрэг газарт урьдчилан сэргийлж ажиллах чиглэлийг өглөө. Малын эрүүл мэнд хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалтай холбоотой учраас үүнд анхаарах ёстой. 
  • ДОЛДУГААРТ НЬ, Малчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр тасралтгүй хангах ёстой. Ялангуяа отор нүүдлээр яваа, алслагдсан орон нутагт ажиллаж буй малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлэхээс гадна эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамруулахаар боллоо. Уг ажлыг эрүүл мэндийн яам хариуцна. 
  • НАЙМД, Алслагдсан сум, орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай машиныг сумдын эрүүл мэндийн төвүүдэд өгөхөөр болохоор болсон. Энэ ажилд нийт 9 тэрбум төгрөг шаардлагатай. Засгийн газрын хуралдаанаар  шийдвэрлэнэ. 
  • ЕСД, Зудын эрсдлийг бууруулах, айл өрхийн амьжиргааг сайжруулах хүрээнд орон нутгийн нөөцийг бүрдүүлэхээр боллоо. Аймгийн удирдлагууд өвс тэжээл, хүнс, шатахууны нөөцийг тогтмол нэмэгдүүлж ажиллана. 
  • АРАВТ, Аймаг орон нутгуудын төсвийн давсан орлогуудыг зөвхөн хаврын хүндрэлийг даван туулах, эрсдэл, хохирлыг багасгах ажилд нь зарцуулах шийдвэрийг гаргалаа. 
  • АРВАННЭГД, Стратегийн буюу хүнсний бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар боллоо. Импортоор орж буй гурил, тэжээл, овъёос зэргийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газар, УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр болсон. 
  • АРВАНХОЁРТ, Шар усны үеэрээс хамгаалах ажлыг зохион байгуулахаар боллоо.